Лениний хөшөөг 55 саяар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Лениний хөшөөг 55 саяар үнэлжээ

“Улаанбаатар” зочид буудлын урд олон жилийг үдсэн В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжаар өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур буулгасан. Тухайн үед Хотын дарга Э.Бат-Үүл  “В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаанд оруулж, өөр газар байрлуулна. Сталины  хөшөө нэг хүнд байгаа. Лениний хөшөөг авч ихэрлүүлнэ гэж ярьж байсан. Хэн ч, хаана ч энэ хөшөөг хадгалж болно” гэсэн мэдээлэл өгч байв. Энэ талаар эргэн тодрууллаа.

Хөшөө нэгэнт нийслэлийн өмчөөс хасагдсан тул дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргасан байна. Тиймээс уг хөшөөг одоо тус газарт хадгалж байгаа ажээ.

Хөшөөг буулгасны дараа үнэлгээний байгууллагуудын дунд В.И.Лениний хөшөөг үнэлэх тендер зарласан бөгөөд тендерт шалгарсан “Хөрөнгийн үнэлгээний төв” компани  В.И.Лениний хөшөөг 55 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин хэзээ дуудлага худалдаанд оруулах талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэлэхдээ  “Хөшөөний үнэлгээг бодитой болсон гэж тооцож байгаа. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй байгууллага, иргэдийн материалыг удахгүй хүлээж авна. Хүсэлт хүлээж авах хугацааг хараахан товлоогүй байгаа ч зарлагдсан өдрөө хойш 30 хоногийн хугацаанд нээлттэй байна. Дуудлага худалдааг хэвлэл, мэдээллийнхнийг байлцуулж, нээлттэй явуулна” гэлээ. 

Сануулахад, В.И.Лениний хөшөөг буулгах саналыг анх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд гаргасан гэдэг. Тэд В.И.Лениний хөшөөний оронд өөр хөшөө босгох хэрэгтэй гэсэн саналаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хүргүүлсэн бөгөөд уг саналыг шийдвэрлэх хуралдааны үеэр тэргүүлэгчид “Хөшөө дурсгалын суурь бэхэлгээ муудсан тул нийслэлийн өмчөөс хасч, цаашид өөр газар байрлуулах боломжгүй тул өөрийн өмчид байлгах хүсэлтэй иргэдэд хувьчилж болох юм” гэж шийдвэрлэсэн юм. 
 

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж