Эми Уайнхаусын хэргээр мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Эми Уайнхаусын хэргээр мэдэгдэл хийв

Английн Лондон хотын шүүхээс харамсалтайгаар таалал төгссөн алдарт дуучин Эми Уайнхаусын хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сард дахин сэргээсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тухайн үед дуучны цогцост дахин шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн өөр нэгэн шинжээч түүний үхлийн шалтгаантай холбоотой эцсийн дүгнэлт болоод задлан шинжилгээний зарим хариу зөрүүтэй байгаа тухай мэдээлснээр шүүхээс хэргийг дахин шалгахаар болсон билээ.

Үүний дагуу Лондонгийн “St Pancras Coroner”-оос өчигдөр Эми Уайнхаусын үхлийн шалтгааны талаар олон нийтэд албан ёсны мэдээлэл хийсэн байна. Шүүхээс мэдэгдсэнээр хэргийг дахин шалгаад дуучин Эми Уайнхаус архины хордлогоор нас барсан гэх эхний дүгнэлтийг баталсан байна.

Дуучин Эми Уайнхаус согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс амьсгал нь тасалдаж, комд орсноор амьсгал хураасан байна. Шүүх эмнэлгийн паталогийн шинжилгээгээр Эми Уайнхаусын цуснаас 416 децилитр алкохол илэрсэн бөгөөд хүний цусанд 350 мг алкохол байхад үхэлд хүрэх аюултай байдаг гэнэ.

Дуучин Эми Уайнхаус нас барсан байдалтай олдохоосоо өмнө унтлагын өрөөндөө “YouTube”-ээс бичлэг үзэж, архи их хэмжээгээр ууж байжээ.  Эми Уайнхаусыг амьсгал хурааснаас 12 цагийн дараа олох үед түүний  хажууд лэптоп болон шалан дээр нь архины хоёр хоосон шил байжээ.

Дуучны экс бие хамгаалагч Эндрю Моррисийн мэдэгдсэнээр тэрээр нас барахынхаа өмнөх 2011 оны зургадугаар сарын 22-ны үдэш унтлагын өрөөндөө ганцаараа хөгжим сонсч, зурагт үзэж, архи ууж байжээ.  Дараа нь тэрээр Эндрю Моррисийг дуудан хамтдаа laptop-оороо “YouTube”-ээс бичлэг үзсэн гэнэ. Тухайн үед тэрээр маш их согтсон байсан ч “Би ерөөсөө ч согтоогүй байна” гэж хэлж байжээ. Эндрю Моррис шөнийн 2:30 цагийн үед дуучны өрөөнөөс гарсан байна.  Дараа нь тэрээр өглөөний 10 цагийн үед Эми Уайнхаусын өрөөгөөр  шагайн харахад тэрээр хувцастайгаа доошоо хараад “тасарсан” байдалтай унтаж байжээ.  Харин өдөр 15:00 цагийн үед тэрээр дуучныг дахин шалгахад өмнөх байрлалаа огтхон ч өөрчлөөгүй унтаж байсан нь сэжигтэй санагдаад очиж, шалгатал амьсгалахгүй байсан гэнэ. Эндрю Моррис тэр даруй түргэн тусламж дуудсан ч Эми Уайнхаус хэдийнэ амьсгал хураасан байжээ. Эми Уайнхаусын ойрын хүмүүсийн мэдээлснээр тэрээр нас барахаасаа өмнө маш их уйтгарлаж, байнга архи уудаг байсан гэнэ. Мөн тэрээр архинд донтох болон булими зэрэг өвчнөөр шаналж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж