
Эдгээр зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд найман тэрбум, 118,9 төгрөгийн хохирол учирснаас зургаан тэрбум 490,4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. ЗЦГ-ын дэд дарга Ч.Жаргалсайханы мэдээлснээр зам тээврийн осол, гэмт хэргийн улмаас хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь буурахгүй хэвээр байгаа ажээ. Өмнөх таван жилийн дунджаар 144 хүүхэд гэмтэж, 37 хүүхэд нэг жилд нас барсан бол 2012 оны хувьд улсын хэмжээнд 43 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдан 183 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтжээ. Мөн ЗЦГ-аас хийж буй мэдээллийн нэг эмзэглэмээр зүйл нь гурван сая хүрэхгүй хүн амтай манай оронд зам тээврийн ослын улмаас нэг жилд хэдэн зуун хүн амиа алдаж байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь 18-34 буюу хөдөлмөрийн насны хүмүүс байжээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас нийт нас барсан хүний 70 орчим хувь нь орон нутагт нас баржээ. Төв, Хэнтий, Сэлэнгэ, Орхон аймгуудад хамгийн их осол, гэмт хэрэг гардаг байна. Монгол улсад насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зам тээврийн дүрэм зөрчиж байгаа нь энэ мэт олон гэмт хэрэг гарч, амь нас эрсдэх томоохон шалтгаан болж байгааг албаны хүн онцолж байлаа.
Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг баталсан билээ. Гэсэн ч гэмт хэрэг, иргэдийн бэртэл гэмтэл, нас баралт буурахгүй байгаа гэнэ. Тиймээс ЗЦГ-аас гэмт хэрэг, зөрчлийг багасгахын тулд томоохон арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооны үнэмлэхтэй иргэний жолоо барих эрхийг зургаан сараас хоёр жилээр хасдаг, жолооны үнэмлэхгүй иргэнийг 7-30 хоногоор баривчлахаас өөр өндөр хариуцлага хүлээлгэх чадваргүй хууль эрхзүйн орчныг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм. Мөн иргэдээсээ үнэн зөв мэдээлэл авч, замын хөдөлгөөнийг дэлгэцээр хянаснаар гэрийн хаяг байршлаар нь торгууль шийтгэл оногдуулдаг болох хэрэгтэй. Ингэснээр эзэнгүй хэргийн тоо багасах, гэмт хэргийн газраас зугтах явдал багасах сайн талтай гэдгийг ч хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотыг 24 хэсэг болгон хувааж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнд эргүүлийг нээн ажиллуулахаар болсон байна.