О.Магнай импортлогчдод сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

О.Магнай импортлогчдод сануулга өгөв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай ахуйн бараа импортолдог "Таван-богд", "Жагар интернэшнл", "Анунгоо", “Монголиан Стар Мелшерс”, “Космо” зэрэг 10 компанийн төлөөлөлтэй уулзаж, импортоор оруулж ирж буй бараа, бүтээгдэхүүнд монгол хэлээр заавар, тайлбар байршуулахыг сануулжээ. Энэ үеэр О.Магнай "Манайхан нэг үеэ бодвол хулхи, чанаргүй бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхээ больж, албан ёсны эрхтэйгээр ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гадаад улсуудад зарагддаг брэндийн бүтээгдэхүүн Монголд байгаа яг албан ёсны гэх тухайн төрлийн бүтээгдэхүүнээсээ ялгаатай байна гэх шүүмжлэл гараад байгааг шалгана. Өөрөөр хэлбэл, Европоос оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний чанар энд худалдаалж байгаагаас өөр байгаа нь олон бараа бүтээгдэхүүн дээр илэрч байгаа учраас үүнийг нэг мөр болгон шалгаж, цаашид Монголд Европын стандартыг нутагшуулах болно” гэлээ. Нөгөөтэйгүүр хулхи бараа, бүтээгдэхүүнийг хулгайгаар оруулж ирээд, импортлогчид хохирч байвал бид бас асуудлыг шийдэх бүрэн боломжтой" гэсэн юм. Цаашид импортлогчидтой хамтран ажиллах тухайгаа мөн мэдэгдсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж