Монгол нефтийн асуудлаар хоёр алхам хойш болов, хөөрхий

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Монгол нефтийн асуудлаар хоёр алхам хойш болов, хөөрхий

ОХУ-ын Монголд үзүүлэх “шатахууны дарамт” хэрээс хэтэрлээ. Өмнө нь импортлогч компаниуд шатахууны үнийг нэг шөнө 250 төгрөгөөр нэмээд 17 тэрбум төгрөгийн өрөнд унаж байсан. Тэгвэл одоо долоо хоногийн зайтай 100 төгрөгөөр нэмэгдчихээд байхад “Зах зээлийн жам ёсны өсөлт” гээд сууж байна.

Уг нь Засгийн газрын шийдвэрээр Монголбанкнаас шатахуун импортлогч 12 компанид 120 саяам. долларын хөнгөлөлттэй зээл олгож, үнийг тогтворжуулах арга хэмжээ авсан. Тэгсэн мөртлөө үнэ нэмэгдсэний дараа “Бид үнэ тогтворжуулах арга хэмжээ аваагүй бол илүү ихээр нэмэгдэх байсан” гэсэн мэдэгдэл хийсэн нь Засгийн газар үнэ нэмэгдэхийг урьдаас мэдэж байжээ гэж үзэхэд хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, үнэ ОХУ-аас хамаарч нэмэгдэж байгаа юм байна.

 Шатахуун импортлогчидтой цогтой тэмцэгч О.Магнай хүртэл “Шатахууны үнэ улс төрийн зорилготой нэмэгдсэн” гэсэн мэдэгдэл хийсэн нь үнийн өсөлтийн цаана мань хүний эрх мэдэл хүрэхээргүй том шалтгаан нуугдаж байгааг илэрхийлсэн хэрэг байх. Зарим хүн үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгө босгох арга гэж таамаглаж байгаа ч энэ нь үндэслэлгүй биз. Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Самойленкотой өнгөрсөн сард уулзан шатахуун нийлүүлэлтэд үнийг тогтвортой байлгаач, санамж бичиг байгуулья, ярья, уулзая хэмээн гуйж гувшсан.

Хоёр улсын Засгийн газар хоорондын тэр уулзалтыг үзсэн хүн “Манай хоёр улс хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, өнө удаан жилийн найрсаг харилцаатай улс. Шатахуун тосны хэрэгцээгээ танайхаас 100 хувь хангадаг.  Гэтэл бидэнд нефть бүтээгдэхүүнээ тонн тутамд бусад улсад нийлүүлж байгаагаас 200-300 ам.доллараар үнэтэй нийлүүлж байна. Бид та бүхнээс нефть бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, ядаж бусад улсад нийлүүлдэг үнээ санал болгооч гэж хүсч байна” хэмээн хэлсэн Д.Тэрбишдагвыг, цаашлаад өөрсдийгөөөрөвдөх байсан биз. Үнэхээр л Монгол Улс улс шиг хөгжих зорилготой байгаа юм бол ОХУ-аас шатахуун 100 хувь авдгаа болих хэрэгтэй. Шууд ингэх боломжгүй ч бага багаар ч хамаагүй гарах л ёстой.Гэтэл газрын тосны нөөц олж илрүүлэх, боловсруулах үйлдвэр барих ажил үнэхээр явахгүй байна.  

ОХУ-аас түүхий нефть худалдан авч боловсруулах “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөл Засгийн газрын өнгөрөгч хуралдаанаар орж, дэмжигджээ.Японы “Тоёоинженеринг” болон “Марубени” корпораци хамтран хэрэгжүүлэхээр болсон “Дархан-газрынтос боловсруулах үйлдвэр” төслийн Монголын талын хамтрагч нь академич Т.Намжим гэж ярьдаг. Харин илүү боловсронгуй болсон 15 төслөөс сугалж гаргаж ирснээрээ Д.Ганхуяг сайд ч энэ төсөлд хамаатай байж болохоо харуулав. Монгол газрын тостой орон.

Бас ОХУ-ын хараат байдлаас гарах гэж л газрын тосны үйлдвэр барих гээд байгаа. Гэтэл үүнийг мэдсээр байж Оросоос түүхий нефть авч боловсруулдаг үйлдвэрийн төслийг дэмжсэн нь ингэж хардахад хүргэж байна. Эрхэм сайд Японд боловсрол эзэмшсэн. Хүн боловсрол эзэмшсэн, амьдарч байсан улсдаа илүү элэгтэй ханддаг тал бий. Үүнийг хуулийн хэллэгээр “Ашиг сонирхлын зөрчил” гэж нэрлэдэг. Д.Ганхуяг нефтийн үйлдвэр боловсруулах ажилд үнэхээр л ашиг сонирхлын зөрчлөөр хандаагүй юм бол ОХУ-аас нефть гуйх ийм төслийг яасан ч сонгохгүй байсан.

Аль эсвэл ОХУ шахалт үзүүлээд байна уу. Хувийн хэвшлийнхэн өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулаад ажил эхлүүлээд явж байхад төр яагаад дундуур нь орох болов. Газрын тос боловсруулах үйлдвэр төрийн мэдэлд байх нь буруу биш. Гэхдээ ингэлээ гээд ОХУ-ын хараат байдлаас гарах гол зорилгоосоо ухарч, бас тэгээд ямар ч ажил явагдаагүй, цагаан цааснаас өөрцгүй төсөл сонгож бүх ажлаа тэгээс эхлэх нь ухаалаг сонголт биш.

Д.Тэрбишдагва сайд дээр өгүүлсэн ОХУ-Монгол улсын хамтын ажиллагааны уулзалт  дээр хойд хөршийн төлөөлөгчдөд уул уурхайн салбарт ОХУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголросцветмет” нэгдлийн ОХУ-ын эзэмшлийн хувийг нэмэгдүүлэхийг зөвшөөрчих шиг болно лээ. Хэрвээ ОХУ-аас нефть авч боловсруулдаг үйлдвэр барьчихвал нөхцөл байдал одоогийнхоосоо ч муудаж, “Сахил хүртээд шал дордов” гэгч болно.Нефть өгч байгаа улс нь нэг юм болохоор. ТЭЗҮ ч байхгүй төсөл хэрэгжүүлэх гэсээр байтал хэдэн жил өнгөрнө. Их бүтээн байгуулалт хийх, улс шиг хөгжих гэж тодорхойлоод байгаа хэдэн жил нь. Дарханы нефть боловсруулах үйлдвэр бодит байдал дээр газар зүйн байршил тооцоолол хийгдээгүй, ус, хөрс өөр бас бус шаардлагатай шинжилгээнүүд бүгд байхгүй.Энэ жилээс барилаа гэхэд дор хаяж гурван жил болно.

Гэтэл үйлдвэр баригдаад асуудал дуусахгүй. Өнөөдөр шатахуунаар боож байгаа юм чинь маргааш түүхий нефтиэр боох нь тодорхой. “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголросцветмет” нэгдлийг алдаж байгаа юм чинь, Японоос өч төчнөөн сая ам.доллар зээлж барьсан үйлдвэрийг нь сул зогсоогоод байвал хэдэн ч үйлдвэр, уул уурхайг авна гэж оросууд бодож байгаа нь лав. Дээрээс нь нэмээд хэлэхэд, япончууд технологи сайтай ч дэндүү өндөр үнэ хөлс нэхдэгээрээ алдартай. 90-ээд онд Дарханд 100 сая ам.доллараар барьж өгсөн төмөрлөгийн үйлдвэр нь сүүлд БНХАУ-ын 10 сая ам.доллараар барьж өгсөн үйлдвэрээс ялгагдах юмгүй. Түүхий эдийн хангалт нь хэзээ ч тасалдаж магадгүй үйлдвэрийг асар өндөр өртөгтэй байгуулах нь дэндүү эрсдэлтэй.

Уг нь энэ байдлаас зайлсхийх арга зам бий. Ердөө л өөрсдийн орд дээрээ түшиглэж нефть боловсруулах үйлдвэр барих. Дээр хэлсэнчлэн, газрын тос боловсруулах чиглэлээр хийгдэж бэлэн болсон 15 төсөл дотор өөрсдийн газрын тосны нөөцийг боловсруулах зорилготой хийгдсэн төслүүд бий гэж мэргэжилтнүүд ярьдаг юм билээ.

Дагестан ардын “Баатар Назнай”гэж үлгэр бий. Назнай хэмээх шавилхан эр бусдыг залилан мэхэлж, бас “нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо явсаар” амар сайхандаа жаргадаг тухай өгүүлдэг. Гэхдээ энэ бол үлгэр. Амьдрал дээр ингэж явбал хэзээ ч зорьсон газраа хүрэхгүй нь тодорхой.Амар сайхандаа жаргах байтугай сөнөж мөхнө. Тэгвэл монголчуудын өнийн мөрөөдөл болсон газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил яг энэ үлгэр шиг “нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо” явсаар 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь гадны компаниар хайгуул хийлгэж ордтой болон том алхам хийсэн ч газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл өгөлгүй “тэнэг” гэж хэлэхэд багадмаар алхам хийж, хойшоо гулссан. Одоогоор 20 жил гулсаад байна.

МАН эрх барьж байсан жилүүдэд газрын тосны хайгуулын зөвшөөрөл авах компани олдохгүй, олдсон хэд нь өрөмдлөгөө төлөвлөгөөний дагуу хийхгүй удааж, гацаасан байдалтай явсаар байсан нь газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэхгүй гацаах нэг шалтгаан болж байсан. Тийм ч учраас сонгуулийн үр дүнд гарч ирсэн Ардчилсан нам энэ ажлыг гүйцээчих болов уу гэсэн найдлага иргэдэд байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харин ч өмнөхөө үгүйсгэж эхлэв. “Нэг алхам урагшаа” нь ч байдаггүй, шууд л хойшоо алхаж гарлаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж