Хожуудсан ухаарал, оройтсон хууль

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Хожуудсан ухаарал, оройтсон хууль

Ньюс агентлаг нь “Гишүүд яагаад бусдын кноп дараад байна”, “Саналын эрхэнд халдахаа хэзээ болих вэ?” гэх асуултыг өмнөх парламентын гишүүдээс асууж, асуудал хөндөж байсан юм. Энэ үйлдлийг бусдын саналын эрхэнд халдаж буй байдал гэж бүхий л гишүүд хүлээн зөвшөөрч байсан бөгөөд сануулбал, Р.Раш гишүүн “Бусдын са­­­нал өгөх товч­­­луурыг өө­рийн дураар а­шиг­­лах зүйл байж болохгүй. Саяхан чуул­ганаар хэ­лэл­цэхээр бол­сон хуулийн төслийг хэлэлцүүлгийн үеээр нэг хүн хэд хэдэн хүний товчлуур дээр дарж харагдана билээ. Сүүлийн үед л иймэрхүү зүйлч гарах боллоо. Хуулийг батлахдаа цаанаа талцах маягийн юм хийгээд байна. Төрийн хуулийг иймэрхүү байдлаар гаргаж болохгүй” Г.Баярсайхан гишүүн “Японд байхгүй ги­шүү­нийхээ өмнөөс са­­нал өгөх товчлуурыг нь дарснаас болоод ог­­цорч байсан тохиол­дол ч бий. Энэ бол улс төрийн соёл өндөр хөгжсөн орны улс төрийн энгийн үзэг­дэл гэж харагддаг. Боди­тоор нь хэлэх юм бол ма­най гишүүд хурлын са­нал хураах ирц хүрэхгүй шалтгаанаар бусдынхаа товч­луурыг дардаг. Гишүүдийн өмнөөс товчлуурт гар хү­рэх зүйл байж болохгүй”  Гишүүн Л.Гүндалай “Хү­ний өм­нөөс кноп дар­­­­­­­­­на гэ­­­­­­­­­­­­дэг нэг­дү­гээрт хууль зөрчсөн асуу­дал. Хоёр­дугаарт ёс суртахууны асуудал. Ер нь хулгай хийж байгаатай л адилхан зүйл.  Төрийн эрхэнд сууж буй төрийн түшээ хүн ийм үйл ажиллагаа явуулах нь бүдүүлэг хэрэг. Ийм зүйлийг байлгамааргүй л байгаа юм” гэх зэргээр олон гишүүн шүүмж хэлж байв. Мөн нэг зүйлийг хүлээн зөвшөөрч байсан нь бусдын саналын товчлуур дарах ганц шалтгааныг “хангалтгүй ирц” хэмээн тодорхойлж байсанд байв. /Сэтгүүлч миний хувьд гишүүдийн энэ байр суурийг нийтлэхийн тулд редакцийнхаа зурагчинд “бусдын кноп дарж байгаа ямар нэг гишүүний зураг бэлдээд байж байгаарай. Өнөөдрийн маань хөндөх сэдэв энэ тухай байх болно” гэж захихад “харин ч ийм зураг хэд хэд бий шүү. Тэдний дотроос нэгийг нь бэлдээд байж байя” гэв. Ингээд бэлдсэн зургыг нь харахад өнөөх эрхэм гишүүдийн шүүмжлэлт байр сууринаас асуудалд хандаж байсан нэгнийх нь зураг байж таарсан юм/

Энэ тухай шүүмжлэлийг ганц манай агентлаг ч биш, олон олон хэвлэлийн байгууллага хэлж, засахыг шаардаж байсан ч ганц гишүүн ч үүнийг ажил хэрэг болгохыг хүссэнгүй.

Гишүүдийн даган мөрддөг УИХ-ын чуул­ганы хуралдааны дэгийн тухай хуульд нь ч энэ тухай нарийвчлан зааж өгөөгүй бөгөөд, тухайн үйлдлийг хийсэн тохиолдолд хүлээх хариуц­лагын талаар ямар ч зохицуулалтыг оруулаагүй байна. Хариуцлага тооцох зохицуулалт байхгүй нь тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн зүйл биш боловч гишүүд бусдын саналын эрхэнд халдсаар байв. Франц, Орос ул­сын хуулинд бусдын саналын тов­чийг дарсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг цуц­лах тухай ч хөндөгддөг бодит жишээ байсаар атал гишүүдийн олонх энэ үйлдлээ хэвийн зүйл гэж ойлгосон хэвээр байлаа.

Өнгөрөгч парламентын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед “Бид 28-уулаа сууж байж 39 хүний санал өгөөд сууж байна. Гэтэл энэ асуудал чинь чухал асуудал. Нэг хүн хоёр хүний саналыг кнопдоод сууж байна гэдэг ирц хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан зарим гишүүд хуралдаанд оролцдоггүй”, Р.Раш гишүүн “Намын бүлгүүд гишүүдийн ирцэд хяналт тавьж шахаж байх ёстой. Гадаадын парламентад ирц бүрдүүлэх тухай тусгай зохицуулалт байдаг. Мөн чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор зайлшгүй оролцох бүрэлдэхүүн гэж бас бий. УИХ-ын чуулганаар сая Хөдөө аж ахуйн бирж байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Гэтэл ийм хариуцлагатай хуулийг хэлэлцэхэд хариуцсан яамных нь удирдлагууд ирж оролцохгүй байна. Уг нь Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа тайлагнан, хариуцлага хүлээдэг. Гэтэл чуулганы хуралдаанд ХХААЯ-ны гурван сайдын аль нь ч алга” Д.Дондог гишүүн “Чуулган, Байнгын хороо, бүлгийн хуралдааны ирц сайн байх ёстой. Учир нь улс орны хэмжээнд мөрдөгдөх хууль шийдвэр гаргаж байгаа тул хариуцлагатай хандах учиртай. Ирц сайтай, гишүүд оролцоотой байж сайн хууль гарах ёстой” гэж байсан нь ч хэвлэлийн хуудаснаа түүх болон үлдэж.

Харамсалтай нь өмнө ийн шүүмжлээд байхад тоодоггүй байсан зүйлийг өнөөдөр тэд гэнэтхэн санав бололтой. Өөрт хэрэгтэй үед санадаг, хэрэггүй үед мартдаг асуудал ийн гэнэт улстөрчдийн амны уншлага болов. Үндсэн үүрэг нь чуулган, байнгын хорооны хуралд сууж хууль боловсруулахад оролцох байтал “Манай намын гишүүд УИХ-ын ирц бүрдүүлэгч биш” гээд хуралдаа орохгүй гөжүүдэлж буйг нь өөгшүүлэх аргагүй. Нөгөө хэд нь ч “та нар хуралдаа орохгүй бол хууль санаачлаад заавал оруулна” гэх нь ч өрөвдмөөр. Уг нь аль эрт ирцийн асуудлаа хуульчилчихсан бол нэг хэсэг нь хурлаа тасалж, нөгөө хэсэг нь ирцээ бүрдүүлж чадахгүй нь гэж зовохгүй л байхсан.

Ядаж л өнгөрснөө мартаагүй бол энэ намуудын хэн нь ч эерэг талын баатрын дүрд тоглох хэрэггүй мэт. Ирцийн асуудал зөвхөн өнөөдрийн асуудал биш гэдгийг хүлээн зөвшөөр. Дараагаар нь нам ялгалгүй бусдын кноп дардаг байснаа ч хүлээ. Эцэст нь, хамт суугаад хуулиа батал. Хууль батлахын тулд хуралдаа суух ёстойгоо мартахгүй бол шүү дээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж