Дорноговьд химийн бодис тархсан эсэхийг шинжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Дорноговьд химийн бодис тархсан эсэхийг шинжилнэ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд он солигдохын өмнөхөн 10 гаруй толгой мал цацраг идэвхт бодисоос хордсон байж магадгүй шалтгаанаар үхэж хорогдсон талаар шуугиан дэгдээд буй. Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Арева” компанийн охин компани болох “Кожеговь” цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшдэг аж.

Байгаль орчин ногоон, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд мал үхэж хорогдсон болон цацраг идэвхит ашигт малтмал хайж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор нийгэмд гарсан мэдээллийн дагуу өнөөдөр холбогдох хүмүүстэй уулзжээ. Уулзалтад БОНХ-ийн сайдын зөвлөх Ш.Пүрэвсүрэн, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат,  Цөмийн энергийн газрын дарга  Г.Манлайжав, Цөмийн хяналтын хэлтсийн дарга Б.Батгэрэл,  Цөмийн болон цацрагийн хяналтын улсын  байцаагчид болон Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяр нар оролцсон байна.

Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид тухайн бүс нутагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд очиж цацрагийн хэмжилт хийж, химийн бодис, бактереологийн нөлөө байж болзошгүй гэж үзэн дээжийг шинжилгээнд өгчээ. Шинжилгээний дүн долоо, найм хоногийн дараа гарах аж. Дүн гарсны дараа Цөмийн энергийн газар, Байгаль орчны иргэний зөвлөл хамтран мэдэгдэл хийхээр болжээ. Мөн химийн бодис хадгалалт, хэрэглээ зэрэгт технологийн зөрчил байж болзошгүй гэж үзэж байгаа тул “Кожеговь” компанийн цацраг идэвхит бодис хайж байгаа үйл ажиллагаанд ирэх дөрөвдүгээр сард  өргөн хүрээтэй шалгалт хийхээр тохирсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж