Лоттоны азтанг цианидаар хордуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Лоттоны азтанг цианидаар хордуулжээ

АНУ-ын Чикаго хотод оршин суудаг 46 настай Уруж Хан гэгч өнгөрсөн зун лотоноос 600 мянган ам.доллар хожсон байна. Гэвч тэрээр лотоны мөнгөө гардахаас хэдхэн хоногийн өмнө гэнэт таалал төгсчээ. Тухайн үед түүнийг гадны шалтгаангүйгээр байгалийн жамаар нас эцэслэсэн хэмээн тооцож, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй аж. Харин саяхан Уруж Ханын нэгэн хамаатан нь хэргийг дахин шалгах хүсэлт гаргаснаар түүний цогцост шинжилгээ хийж, цианидын хоронд хордсон болохыг олж тогтоосон байна. Чикаго хотын цагдаа нарын мэдээлснээр Уруж Хан насанд хүрсэн хүнийг таван минутын дотор үхэлд хүргэх хэмжээний тун бүхий цианидад хордсон байжээ. Тиймээс цагдаа нар энэ хэргийг дахин нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Уруж Хан нь Чикаго хотод хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг байсан бөгөөд тэрээр лото хожвол лалын “хаж” ёслолын үеэр Саудын Араб руу аялж, мөргөл үйлдэнэ хэмээн өөртөө амлаж байсан тухай хамт ажиллагсад нь ярьжээ. Мөн тэрээр лотогоор их мөнгө хожвол бизнесээ өргөжүүлж, хүүхдийн эмнэлэгт мөнгө хандивлана гэж ярьдаг байсан гэнэ. АНУ-ын Иллиной мужийн хуулиар лотоны азтан мөнгөө авахаас өмнө нас барвал хожсон мөнгө нь түүний хөрөнгө болон үлддэг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж