Цагаатгалын комисс хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Цагаатгалын комисс хуралдав

Цагаатгалын комисс өнөөдөр 10.00 цагт УИХ-ын дарга Л.Цогийн  ажлын өрөөнд хуралдлаа. Энэхүү хуралдаанаар өнгөрсөн  2012 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг нь мөнхжүүлэх, нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэх, шалгагдаагүй үлдсэн хэргүүдийг үргэлжлүүлэн шалгуулах, хэлмэгдэгсдийг цагаатгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар танилцуулах илтгэл тавьсан. Илтгэлийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын  комиссын хуралдааны үеэр тус комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн танилцууллаа.

Тэрээр тайлан илтгэлдээ, Тагнуулын Ерөнхий Газрын цагаатгалын тасгийн ажилтнууд 2009 оноос хойш 5753 иргэний хэргийг шалгаж дуусгасан бөгөөд одоо 850 гаруй иргэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж  улмаар 2013 онд дуусгахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар нийтдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 831 иргэнийг цагаатгаж, 62 хүнд цагаатгалын үнэмлэх олгосон байна. Ингэснээр 1939 оноос хойш өнөөг хүртэл  нийт 31 мянга 931 хүн хилс хэргээс цагаатгагдсан байна.

Мөн Тагнуулын Ерөнхий газрын архив-бүртгэлийн хэлтэс хилс хэргээс цагаатгагдсан иргэдийн архивын лавлагаа, тодорхойлолт, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 373, Үндэсний төв архив хэлмэгдэгсдэд холбогдох хүн амын тухайн он, жилүүдийн тооллогын бүртгэлээс ам бүлийн лавлагаа 664-ийг тус тус гаргаж хүсэлт тавьсан нэхэмжлэгчдэд олгож үйлчилсэн байна.  Өнгөрсөн онд хэлмэгдсэн иргэд, тэдний төрөл төрөгсдөд 68.5 сая төгрөгийн, улмаар сүүлийн 15 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсан 17554 иргэнд 16,3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон тухай Улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн  онцолсон.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаанаас тулгамдсан зарим асуудал түүний дотор 2011 оноор дуусгавар болсон хэлмэгдэгсдийг цагаатгуулах тухай нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авах болон цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох талаарх холбогдох хуулийн  үйлчлэх хугацааг сунгах, хэлмэгдэгсэд тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн зүгээс орон байр, тэтгэмж, тэтгэвэр  түүнчлэн  нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хуулийн төсөл боловсруулж, үндэслэл танилцуулгын хамт хууль санаачлагчаар УИХ-д өргөн бариулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн хэрэг материал нь олдохгүй, нотлох баримтгүй хэлмэгдсэн гэх иргэд, хуучин ЗХУ-д баривчлагдан хүргэгдэж шийтгүүлсэн, сураггүй болсон иргэдийнхээ асуудлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай байгааг Улсын комиссоос анхаарч  дээрх асуудлыг 2013 оны ажлын төлөвлгөөндөө тусгаж ажиллахаар боллоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж