Израйль хилийн хамгаалалт байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Израйль хилийн хамгаалалт байгуулна

Сирийн иргэний дайн газар авч, хөрш орнуудад нөлөөлж эхэлсэнтэй холбоотойгоор Израйлийн Засгийн газраас хилийн хяналтаа чангатган, нэмж хамгаалалт байгуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Израйлийн Ерөнхий сайд Бенжамен Биньямин Нетаньяху  олон нийтэд танилцуулсан байна. Израйль улс хилийн хамгаалалт байгуулснаар Сирийн иргэний дайнаас хамгаалахын зэрэгцээ террористуудыг улсдаа нэвтрэхээс давхар сэргийлэх гэнэ. Мөн дээрх шийдвэр нь сүүлийн үед олон улсад Сирийн Засгийн газраас химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэх хардлага нэмэгдсэнтэй холбоотой аж. Үүний дагуу Израйль улс Сиритэй хиллэдэг зурваст хамгаалалт байгуулахаас гадна тус улсын Египеттэй хиллэдэг Синай хойгийн 230 км хилийн зурваст хамгаалалт байгуулахаар төлөвлөсөн байна. Сүүлийн үед Сирид үүсээд буй нөхцөл байдлаас үүдээд Йордан, Турк зэрэг улсууд ч мөн аюулгүй байдалдаа анхаарал хандуулж эхэлжээ. Сирийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед АНУ-ын цэргүүд Сири-Туркийн хил рүү ирж, Сирийн харвасан пуужин тус улс руу нэвтрэхээс урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн аравдугаар сард Сирийн талаас галласан их бууны тэнэсэн суманд өртөн Туркийн хилийн Акчакале хотод таван энгийн иргэн амиа алджээ. НҮБ-аас мэдээлснээр Сирид өнгөрсөн 22 сарын хугацаанд 60 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын гэр бүл тус улсыг сүүлийн 40 гаруй жил захирч байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж