Афганистанын Ерөнхийлөгч АНУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Афганистанын Ерөнхийлөгч АНУ-д айлчлав

Афганистанын Ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр АНУ-д гурван өдрийн айлчлал хийхээр иржээ. Түүний энэхүү айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүнүүд  Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагааны хэтийн төлвийг авч хэлэлцэх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх баасан гаригт Афганистаны  Ерөнхийлөгч Хамид Карзайг Цагаан ордонд хүлээн авч уулзах бөгөөд  энэ нь тэдний хувьд Ерөнхийлөгч Барак Обамаг улиран сонгогдсоноос хойшхи анхны уулзалт юм. Ажиглагчдын үзэж буйгаар Афганистан болон АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт хоёр орны хэвийн үргэлжилж буй харилцааг илүү ярвигтай болгож магадгүй гэнэ. Учир нь хоёр орны тэргүүнүүд Афганистанд явуулж буй Америкийн цэргийн ажиллагааны тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа юм байна. Афганистанын Ерөнхийлөгч Хамид Карзай өөрийн улсаас Америкийн цэргүүдийг даруй гаргахыг хүсч байгаа бөгөөд хоёр орны гэрээний дагуу Америкийн цэргүүд ирэх 2015 онд гэхэд Афганистаныг бүрэн орхиж гарах юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд Афганистанаас цэргийн хүчээ бүрэн гаргалгүй, лалын зэвсэгт бүлэглэл аль-Каида болон Талибаны дайчидтай тэмцэх цэргийн ажиллагааг үргэлжлүүлж хүсэлтэй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Афганистанын Ерөнхийлөгч Хамид Карзай айлчлалынхаа хүрээнд АНУ-аас тус улсын цэргийн хүчинд агаарын цэргийн ажиллагаанд хэрэглэгдэх хүнд зэвсэг, техник хэрэгсэл болон эмнэлгийн  тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавих зорилготой байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж