Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг Хаан, Хадгаламж, Капитал банкаар дамжуулан хэвийн олгож байна. Иргэд 340 мянган төгрөгийн санхүүжилт дуусах учраас яаралтай авах ёстой гэж болгоомжлон дараалал үүсгэдэг. Тэгвэл энэ удаагийн 340 мянган төгрөгийн санхүүжилтийг иргэн бүрт тооцож, шийдсэн байгаа учраас яарах зүйл байхгүй хэзээ хүссэн цагтаа авч болно гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Тодруулбал, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийн энэ удаад 326 мянган иргэн авах бөгөөд үүнд зориулж 114.8 тэрбум төгрөгийг улсаас төсөвлөсөн байгаа учраас иргэд хэзээ хүссэн цагтаа авч болно гэлээ. Мөн 340 мянган төгрөгөө иргэд ч хүссэн цагтаа Хүний хөгжлийн сангийн дэвтрээрээ авч болох юм байна.
Дашрамд сануулахад ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдэхийн тулд Засгийн газрын Хүний хөгжлийн сан 940 тэрбум төгрөгийн бонд гарган Монголбанк худалдан авсан. Харин 108.1 тэрбум төгрөгийн бондыг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс худалдаж авсан юм.
У.БОЛОР