Сайхан хоттой байх нь хэний асуудал вэ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Сайхан хоттой байх нь хэний асуудал вэ

УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар АНУ-ын Коннектикут мужийн Хамден хотын Хот төлөвлөлт, бүсчлэлийн комиссийн тэргүүн, доктор Анн Алтман хот төлөвлөлт, бүсчлэлийн асуудлаар  Монгол улсад ажиллах үеэрээ бичсэн Хот төлөвлөлт, бүсчлэлийн хураангүй тэмдэглэлээс хүргэж байна.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БА БҮСЧЛЭЛ: ЭНЭ ҮЙЛ ЯВЦАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА


Хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог заавал хангах зарчим

Сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид бүгд НИЙТИЙН АЛБАН ХААГЧИД юм.

Тэд олон нийтэд зүй зохистойгоор үйлчлэхийн тулд иргэдээ сонсож, шийдвэр гаргах үйл явцад иргэдээ татан оролцуулах ёстой. Мөн тэд мэдээллийг олон нийттэй хуваалцаж, иргэдийн санаа зовниж буй асуудал, тэдэнтэй холбогдолтой мэдээллийг сонсох үүрэгтэй*.

ХОТ, СУУРИНГИЙН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ ТӨЛӨВЛӨХ НЬ

Зарим хот суурингууд (жишээлбэл: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум г.м.) шулуун гудамж бүхий хэсэгчилсэн газрын загвараар маш нарийн төлөвлөсөн байдаг. Харин суурин газруудын хувьд (жишээлбэл: Улаанбаатар хотын гэр хороолол, хотын төвөөс алслагдсан дүүргүүд) эмх цэгцгүй, төлөвлөлт хийсэн гэх шинж тэмдэг муутай харагддаг.

Ирээдүйг төлөвлөхдөө өнөөгийн байдлаар оршин байгаа бүх зүйлсийг тооцож, авч үзэн тусгах хэрэгтэй. Хот суурин бүр, тэр тусмаа хамгийн эмх цэгцгүй, ядуу буурай хэсгийн тухайд ч оршин суугчдад нь таалагддаг хэсэг байдаг ба өөрчлөхийг хүсдэг зүйлүүд ч байдаг. Дээрх хоёр талын аль алиныг төлөвлөлт хийх явцдаа анхаарч авч үзэх хэрэгтэй. Мөн оршин суугчид хот суурин газрынхаа ирээдүйн хөгжлийн талаарх ямар мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй байгааг нь төлөвлөлтийн үйл явцад шингээж авч тусгах ёстой.

ХОТЫН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Аливаа хот суурин бүр өөрийн гэсэн “Хотын уламжлал, шинэчлэлийн төлөвлөгөө (цаашид ХУШТ гэх)-тэй байх хэрэгтэй. ХУШТ нь тухайн хотын хэтийн төлөвлөлтийг заасан тунхаг бичиг юм. Энэ төлөвлөгөө нь хэрэгжихүйц бодит байх ёстой боловч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт болон санхүүжилтийн эх үүсвэрийг төлөвлөгөөний үйл ажиллагааны нэг хэсэгт оруулж тооцоолох хэрэггүй байдаг. 

Хот суурин  бүрт хотын ерөнхий төлөвлөгч болон хот суурин газрын захиргааны удирдлагууд ХУШТ-ний утга санааг олон нийтэд тайлбарлан мэдээлэл өгөх зорилгоор НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХУРАЛ (ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ)-г зарлан хуралдуулах ёстой. Уг хэлэлцүүлгээр иргэдээс хот суурин газрынхаа ирээдүйн хөгжилд юуг тэргүүлэх байр суурьтай байлгах талаар асуух ёстой. /хот суурин газрын газар зүйн байрлалын зураг, хөгжлийн өнөөгийн байдлыг харуулсан схам зургуудыг тавина/

Тухайлбал, энэхүү тэргүүлэх байр сууринд гэр хорооллын усан хангамж, бохирын шугам, цахилгаан эрчим хүчний асуудал багтаж болно. Гэхдээ хот суурин газрын “газрын дээрх” буюу гадаад төрх байдал ямар болж хөгжих вэ гэдгийг дараах байдлаар асууж үзэх шаардлагатай.  Үүнд: хот суурин  маань 10 жилийн дараа ямар харагдах бол?  Хаана дэлгүүр, сургуулиуд, нийтийн зориулалтын барилга байгууламж байх вэ? Хотын (гаднах болон дотоод үзэмжүүд) дүр зураг, цэцэрлэгт хүрээлэн, түүнчлэн гудамж талбай зогсоолууд хаана баригдах боломжтой бол? Хаана өндөр барилга байгууламжуудыг барьж, хаана барихыг хориглосон байх бол? Яаж ирээдүйн барилга байгууламжуудыг замын хөдөлгөөний өсөлтөнд хор уршиг сөрөг нөлөө үзүүлэхгүй байлгах вэ?  Замын ачаалал ирээдүйн хөгжил дэвшилтэд яаж зохицуулагдаж байх вэ? Нийтийн тээврийн ямар хэрэгсэл ирээдүйд хэрэгцээтэй байх бол? гэх мэт.

Дээрх шалгуур үзүүлэлтүүд хотын төв хэсгүүдэд тусад нь бас хамаарна. Улаанбаатар хотын төв хэсгийн алс ирээдүйн дүр төрх юу вэ? Мөрөн сум шиг жижиг хотын төв хэсгийн алс хэтийн дүр зураг ямар байх вэ? Мөн Хөвсгөл нуурын эрэг орчмын газартай ижил жуулчдыг татахуйц газруудын хэтийн төлөв ямар байхыг тус тусад нь асуух нь бас их чухал байдаг.

Олон нийт, мэргэжлийн хүмүүстэй ярилцан тохирсон хэтийн зорилгогүйгээр ирээдүйд чиглэсэн ардчилсан төлөвлөлт хийх боломжгүй юм. Иймд ХУШТ-г татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг мэргэжлийн хүмүүстэй хамтран иргэд олон нийтийг сонсож, тэдний төлөө ажиллах нэн тэргүүний чухал алхам юм. Өөрөөр хэлбэл ХУШТ нь хууль биш, харин ирээдүйг төлөвлөх хэтийн төсөөлөл юм. ХУШТ-ний хамгийн сүүлийн хувилбарыг Хот төлөвлөлт, бүсчлэлийн комисс (цаашид ТБК гэх, ТБК-ын тухай дэлгэрэнгүйг 6-р хуудаснаас үзнэ үү) хэлэлцэн батлана. Энэхүү алс хэтийн төсөөллийг хэрхэн бодит байдалд буулгах вэ? Үүний хариултыг “БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ”, “БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ”-д харуулсан байдаг.

БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ

БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ: Хотын уламжлал шинэчлэлийн төлөвлөгөө (ХУШТ)-нд заасан хэтийн зорилгыг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүс  БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ-ийг ХУШТ-нд заасны дагуу гаргах хэрэгтэй. Энэхүү газрын зурганд өнөөгийн оршин байгаа барилга байгууламжийг байгаагаар нь багтаах ёстой.  Харин нэгэнт байгаа зүйлсийг ховор, онцгой тохиолдолд эрх мэдэлтнүүдийн албадлагаар байхгүй болгох төлөвлөгөө хийж болдог****. Уг газрын зурагт шинээр баригдах бие даасан нэр төрлийн /ганц өрхийн эзэмшлийн байрнууд, дэлгүүрүүд, сургуулиуд, орон сууцны барилгууд, зочид буудлууд, эмнэлэгүүд, үйлдвэр аж ахуй нэгжүүд, г.м./ барилгын байрлалыг хаана барьж байгуулж болох ирээдүйн чиг хандлагын дагуу тодорхойлж оруулна.  Тухайлбал, хэрвээ олон давхар өндөр барилгууд бүхий бүсэд олон нийт, иргэдийн зүгээс дахин өндөр барилга барихгүй гэсэн зөвшилцөлд хүрсэн бол тухайн дүүрэгт ШИНЭЭР ӨНДӨР БАРИЛГА БАЙГУУЛАМЖ барихыг хориглоно гэдгийг газрын зурагтаа тусгаж өгнө. Хэрэв олон нийтийн зөвшилцлөөр тухайн дүүргийн зөвхөн тодорхой хэсгүүдэд л үйлдвэр, аж ахуйн байгууламжийг зөвшөөрсөн бол газрын зурагт шинэ үйлдвэр, аж ахуйн байгууламжууд тухайн дүүргийн тэр хэсэгт зөвшөөрнө, бусад хэсгүүдэд хориглоно гэдгийг тодорхой тусгаж өгнө.

БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ-ийг зохиох үйл явцад мэргэжилтнүүд, олон нийт хамтран ирээдүйд бүс нутгийн хэсэг бүрт юуг зөвшөөрч дэмжих, хориглох тухай хамтран зөвшөлцөлд хүрдэг.  Өнөөгийн оршин байгаа бүх барилга байгууламжийг үлдээхээр зөвшөөрөх бөгөөд газрын зураг зөвхөн ирээдүйг тодорхойлохоор хийгддэг.  БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ-ийг Хот төлөвлөлт, бүсчлэлийн комисс (ТБК) хэмээх байгууллага батлан гаргадаг. Хэдийгээр БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ нь хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр баримт бичиг боловч дангаараа хангалтгүй байдаг.  ХУШТ болон түүнээс үүсэн гарсан БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ хэрэгжих баталгаа нь БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ-аар хангагдана. 
     
БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ: БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ бол хууль эрх зүйн баримт бичиг мөн. Тухайлбал, бүсчлэлийн газрын зурагт өндөр барилга байгууламжийг тусгайлсан оршин суугчдын дүүрэгт зөвшөөрөхгүй хэмээн тодорхой заасан байвал энэ нь өөрөө хуулийн заалт болдог. Хэрвээ газрын зурагт гурван давхар барилга зөвшөөрнө гэсэн байгаа бол бүх төрлийн гурван давхар барилгыг олон янзаар барих боломжтой болохоор барилга бүр өөрийн гэсэн “цэцэрлэг”-тэй байх г.м. туйлшрал эсвэл шигүү нягтрал ихтэйгээр олон барилга шавааралдан баригдах болно. БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ нь бүсчлэлийн газрын зурагт заагдсан эрхийг хэрхэн ашиглах асуудлыг илүү нарийвчлан журамласан байна.  Бүсчлэлийн газрын зургийг баталсан байгаа болох ТБК нь бүсчлэлийн дүрэм журмын эцсийн хувилбарыг мөн батална.

БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ
нь ХУШТ-нд тусгасан хэтийн төлөвлөлтэй нийцсэн байх ёстой.  Чухамдаа бүсчлэлийн дүрэм журмыг цаг хугацааны явцад зайлшгүй дахин сайжруулах шаардлагатай болдог ба дэлгэрүүлэн өргөжүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ хууль эрх зүйн дагуу аливаа ийм өөрчлөлтийн бэлтгэл, засвар өөрчлөлт болон дүрэм журмын дэлгэрэнгүй боловсруулалт бүхэн ҮРГЭЛЖ ХУШТ-ний хэтийн төлөвлөлттэй нийцсэн байх ёстой.  Түүнчлэн, ХУШТ нь хуулиар заасан тодорхой хугацаанд буюу жишээлбэл 10 жил тутамд шинэчлэгдэх хэрэгтэй болдог. 

Хамден хотын ХУШТ, цогц иж бүрэн бүсчлэлийн дүрэм журмуудыг УБ хотоос интернетээс үзэх боломжтой.  Одоо онолын хувьд нэгэн орон сууцны хороололыг жишээ болгон авч үзье. Тэнд гурван давхар барилгууд зөвшөөрөгдсөн гэж үзье.
БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРМЫН ХОЁР ЖИШЭЭ:

1-р жишээ, ГУРВАН ДАВХАР БАРИЛГА: Орон сууцны бүст гурван давхар барилгыг зөвшөөрсөн тохиолдолд бүсчлэлийн дүрэм журамд наад зах нь доорх асуудлыг тодорхой тусгах ёстой:

  1. “Талбайн хамралт” буюу газрын хэдэн хувийг барилга эзэлж болох вэ гэдгийг тусгах;
  2. “Зогсоолын талбай” буюу газрын хэдэн хувьд машины зогсоол шаардлагатайг тогтоох. Энэ бол барилга байгууламжид ямар хүмүүс амьдрах, оршин суухыг тооцож гарах дүнгээс  хамааралтай.
  3. Барилгын суурин талбайн нэг метр квадрат тутамд хэр хэмжээний “ногоон байгууламж” шаардлагатай вэ гэдгийг тогтоох;
  4. Гудамж талбайгаас хэр хэмжээний зайд барилга баригдах ёстойг болон явган хүний зам хэр өргөн байхыг зааж өгөх; 

Дээрх параметрийг журамлаагүй тохиолдолд төлөвлөсөн талбайн 100%-д барилгыг барьж машины зогсоолгүй, эзэмшил газрын тохижуулалтгүй, явган хүний замгүйгээр барьж болно гэсэн төсөөлөл бий болдог.  Сайн дүрэм журамтай бол магадгүй талбайн зөвхөн 50%-д барилга, талбайн 25%-д машины зогсоол, талбайн үлдсэн 25%-д мод, цэцэрлэгжүүлэлт болон өргөн уужим явган хүний зам хийгдэх болно. Мэдээж хоёр дахь замаар нь орчноо хөгжүүлэх нь тааламжтай.  Миний дээр дурдсан үзүүлэлт бол журамлаж болох олон үзүүлэлтүүдийн зөвхөн зах зух нь юм.  

2-р жишээ, Байгалийн цогцолбор газар: Бүгдээрээ одоо байгалийн цогцолбор газрыг жишээ болгон авч үзье.  Цогцолбор газарт ирж байгаа аялагч, иргэдэд буудал, гэр, хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт барилга байгууламжууд мэдээж шаардлагатай.  Одоо бүгдээрээ энэ бүх барилга байгууламжуудын зарим нь байгалийн цогцолбор газарт нэгэнт оршин байгаа боловч байршил нь сайн төлөвлөгдөөгүй, байгаль хамгаалалт нь цогцолбор газрын тэргүүн зорилтонд ороогүй байгаа гэж үзье.

Энэ тохиолдолд хамгийн түрүүнд юу хийх вэ гэвэл “Байгалийн цогцолбор газар маань 10 жилийн дараа ямар байх вэ” гэсэн хэтийн зорилгыг олох хэрэгтэй. Үүний тулд цогцолбор газар дахь бүх сонирхогчдын бүлэгтэй ХУШТ-г зөвшилцөн бэлтгэх хэрэгтэй.  Үүний дараа бүсчлэлийн газрын зургийг цогцолбор газрын хэтийн зорилгыг тусган сонирхогчдын бүлэгтэй зөвшилдөж тодорхойлсоны дагуу зурах ёстой.  Эцэст нь цогцолборт газрын ирээдүйн төлөө бүсчлэлийн дүрэм журмыг сонирхогчдын бүлгийн хэтийн зорилготой уяалдуулан хуулийн дагуу батлан хэрэгжүүлэх ёстой. 

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БҮСЧЛЭЛИЙН КОМИСС (ТБК)

Барилга байгууламжийн зөвшөөрөл олгох замаар бүсчлэлийн дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлыг хэн хариуцдаг вэ?  Барилга байгууламжийн зөвшөөрлийг хэн олгодог вэ?

Хот төлөвлөлтийн бүсчлэл тус бүрт, тодорхой барилга байгууламжийг байгуулах “суурь эрх” гэж байдаг юм.  Харин тодорхой барилга байгууламж өгөгдсөн бүсчлэлдээ зарчмын дагуу (БҮСЧЛЭЛИЙН ЖУРАМ ДҮРМИЙН ДАГУУ) зөвхөн ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-тэйгээр баригдана.  Энэ бол Монгол улсын хувьд шинэ концепци бөгөөд АНУ-ын ихэнх муж, Коннектикут мужид нэгэнт тогтсон  концепци юм. 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Тухайлбал гэр хороололын дүүрэгт иргэн өөрийн өмчийн газар дээр жижиг байшин барих нь “суурь эрх”-ээр зөвшөөрөгдөх боломжтой боловч гурван давхар байшин барих болбол бүсчлэлийн дүрэм журмын дагуу (ХУШТ-нд тулгуурлан) ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ авах ёстой болно.  Жижиг байшин эсвэл бусад барилгыг “суурь эрх”-ээр зөвшөөрдөг ч барилга баригч нь том барилга барих болгонд хотын захиргаагаар барилгын зураг төсөл төлөвлөгөөгөө батлуулах, БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ-ийг хотын засаг захиргаанаас заавал авах шаардлагатай болно.  Бусад ямар нэгэн захиргааны нэмэлт зөвшөөрөл байх шаардлагагүй байдаг.  (Мөн хотын захиргаа барилга дууссаны дараа “АШИГЛАЛТАНД ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН ГЭРЧИЛГЭЭ”-г өгөхөөс өмнө албан ёсны хяналт шалгалт хийх шаардлагатай).

Бүсчлэлийн дүрэм журамд заасны дагуу том барилга байгууламж барих үед ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БҮСЧЛЭЛИЙН КОМИСС хэмээх хотын захиргааны дэргэдэх сайн дурын иргэний оролцооны байгууллагын нарийвчласан судалгаа, дүгнэлт дээр үндэслэн ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ авна. 

Мөн иргэний танхимд нээлттэй сонсгол хийх замаар олон нийтийн хяналтанд оруулна.  Барилгын зөвшөөрөл олгохоос өмнө БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ-д бүсчлэл тус бүрт ямар төлөвлөсөн барилгыг СУУРЬ ЭРХИЙН ДАГУУ зөвшөөрөх, ямар барилгад НАРИЙВЧЛАСАН СУДАЛГАА (=ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ) шаардлагатайг тодорхой заана.  Иймээс гэр хороололын дүүрэгт гурван давхар барилга барихаар төлөвлөсөн этгээд олон нийтээс санал дүгнэлтийг нь авахын тулд заавал зураг төслөө олон нийтэд танилцуулах ёстой болно. 

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БҮСЧЛЭЛИЙН КОМИСС (ТБК) ГЭЖ ЮУ ВЭ?

ТБК бол нийтийн төлөө үйл хэрэгт санаа тавьдаг цалингүй ажилладаг, сайн дурын иргэдээс бүрдсэн бүлэг хүмүүс юм. (тухайлбал АНУ-ын Коннектикут мужийн Хамден хотод  комиссын 9 гишүүд байдаг).  Эдгээр хүмүүсийг (жишээлбэл Хамден хотод) Хотын дарга томилж хотын зөвлөлийн хурлаар батлуулна. Энэ хүмүүсийг батлахдаа хотын зөвлөлийн хурлаар, нийтэд нээлттэй хэлэлцдэг.  Ийм нээлттэй хурлын үеэр хэлэлцэж буй бүх асуудлын талаар иргэд 30 минут үгээ хэлж хэлэлцүүлэгийг эхлүүлдэг.  Иргэдийн нээлттэй санал бодлыг сонссоны дараа хотын зөвлөл асуудлыг хэлэлцдэг юм.  Эдгээр асуудлын нэг нь комиссын гишүүдийг батлах асуудал байж болдог. 

ТБК-ыг улс төрөөс хараат бус байлгахын тулд комиссын гишүүдийн томилогдох хугацаа улс төрийн сонгуулийн хугацаанаас зөрдөг.  Хамден хотод энэ томилгоог 3 жил тутамд хийдэг.  Тиймээс захиргаа солигдсон ч (Хотын дарга болон хотын зөвлөлийн сонгууль болсон ч) комиссын бүрэлдэхүүн тэр дороо солигдохгүй.  Гишүүдийн 3 бүлэг тус бүр 3 иргэнийг нэр дэвшүүлэн ижил бус хугацаатайгаар (шаардлагатай үед ирцийг бүрдүүлэхийн тулд нэг илүү “орлогч” нэмэх хэрэгтэй) сонгох нь Монгол улсад илүү тохирч магадгүй.  Тэгэхлээр эхлээд  комиссын 9 гишүүдийн 3-ыг нь 1 жилээр, 3-ыг нь 2 жилээр, 3-ыг нь 3 жилээр тус тус томилж болно (эхний тохиолдолд орлогчийг 1 жилээр нэмж томилж болно).  Комиссын гишүүдийн хугацаа дууссан тохиолдолд дахин томилогдож эсвэл солигдох боломжтой.  Хэдэн жилийн дотор улс төрөөс хараат бус, туршлагатай, туршлагагүй хүмүүсээс бүрдсэн комиссын гишүүд барилга барихыг хүссэн хүмүүсийн өргөдөл, мэргэжлийн захиргааны байгууллагын зөвлөмж, олон нийтийн оролцооны санал дүгнэлт, өргөдөл гаргагчаас мэргэжлийн хүмүүс, комиссын гишүүд болон олон нийтийн асуусан асуултыг үндэслэн, нээлттэйгээр олон нийтийн өмнө ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ӨРГӨДЛИЙГ хянан хэлэлцэж, шийдвэр гаргах ажилд туршлагажина. 

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ дээр, ТБК олон нийттэй цуг өргөдөл гаргагчийн барилга байгууламжийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг сонсоно.  Тэгээд ТБК, олон нийт хамтдаа мэргэжлийн хүмүүсийн (хот төлөвлөлтийн газраас, мэргэжлийн бусад хүмүүс, эрүүл мэндийн байгууллага, усны газар, хотын инженерийн мэдээлэл г.м.) дүгнэлтийг сонсоно.  ТБК нь нээлттэй сонсголд оролцогч иргэдээс төслийг зөвшөөрч, эсэргүүцэж байгаа иргэдийн үзэл бодлыг сонсоно.  ТБК-ын гишүүд төсөл санаачлагчаас өөрсдийн хүссэн хэмжээгээр асуулт асууж болно.  Хүн болгоныг сонсож, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ дээрх үг бүрийг бичиж авсны дараа НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ-ыг хаана.  Дараа нь магадгүй 5 минутын завсарлага авсны дараа ТБК нь төслийн давуу тал болон сул талыг хэлэлцэнэ.  Хуулид заасан бүрэн эрхийн дагуу ТБК нь “ЭНЭ ТӨСӨЛ хотын ХУШТ-тэй ЗОХИЦОЖ БАЙНА УУ, ЭНЭ ТӨСӨЛ ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, САЙН САЙХАН-ы ТӨЛӨӨ БАЙНА УУ?” гэдгийг анхааран ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙГ ОЛГОХ ЭСЭХЭЭР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА. 

Хэрвээ өргөдөл гаргагчийн барилга барих зөвшөөрлийг татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч шүүхэд хандан Нээлттэй Сонсголын бүх үйл явцыг (үг бүрчлэн бичсэн протокол) хянуулах хүсэлт гаргаж болно.  Шүүх ТБК-ыг тодорхойлсон журам, хуулийн дагуу шийдвэр гаргасан эсэхийг хянан магадлана.  Эхэнхдээ хэрвээ ТБК бүх хууль, дүрэм журмын дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан бол шүүх ТБК-ын шийдвэрийг хэвээр үлдээнэ.

ХУШТ-ийг бэлтгэх, БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ зурах, БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРАМ-ыг бэлтгэх, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙГ ОЛГОХ ШИЙДВЭР гаргах бүх үйл явц бүгд ил тод байдаг.  Олон нийт болж байгаа үйл явц тус бүрийн үе шат бүрийг ажиглан оролцох боломжтой.  ХУШТ, БҮСЧЛЭЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ болон БҮСЧЛЭЛИЙН ДҮРЭМ ЖУРМЫГ батлах бүрэн эрх мэдэл хот төлөвлөлт, бүсчлэлийн комисс (ТБК)-т байх бөгөөд тэд олон нийтийн сайн сайхны төлөө шударгаар ажиллаж, ихэвчлэн олон нийтэд хүндлэгдэж, цалин урамшуулал авахгүй, сайн дураараа хичээнгүйлэн зүтгэж байдаг юм.  

ТАЙЛБАР 1: Нууцлалын зэрэгтэй мэдээллээс бусад бүх мэдээлэл “Мэдээллийн эрх чөлөөний хууль”-ийн дагуу олон нийтэд нээлттэй байдаг. Энэхүү хууль Монгол улсад бас байдаг.  Энэ хуулиа хот төлөвлөлтийн асуудалд ашиглах шаардлагатай юм.

ТАЙЛБАР 2: АНУ-ын Коннектикут мужийн нийт 169 хот, суурин газрууд хуулийн дагуу Хотын уламжлал, шинэчлэлийн төлөвлөгөө (ХУШТ) ЗААВАЛ байх ёстой.  Үүнийг хуулчилсан байдаг бөгөөд 10 жил тутамд иргэдийн  оролцоотойгоор шинэчлэн найруулж байхаар заасан байдаг.

ТАЙЛБАР 3: ХУШТ-нд тэргүүлэх асуудал болж тусгагдсан зүйлсийг   Хууль Тогтоох Байгууллагаас хөрөнгө санхүүгээр хангах үүрэг ногддог боловч санхүүгийн энэ үүргийн талаар ХУШТ-г бэлтгэн боловсруулж байх явцдаа мэргэжилтнүүд заавал санаа зовох үүрэггүй юм.  Мэргэжилтнүүд, хүрээлэн буй орчны экспэртүүд, олон нийтийн бүлгүүдийн гишүүдийн санаа зовох гол асуудал бол оршин суугчдын хүсэл мөрөөдөл, аюулгүй орчин байдаг.   

ТАЙЛБАР 4: Маш ховор тохиолдолд, муж болон хотоос хувийн өмчийг албадан хураах шийдвэр гардаг.  Ингэснээр өмчийн эзэнд эзэмшил хөрөнгийнхөө тодорхой хэсгийг зах зээлийн үнээр улсад заавал худалдах шахалт үзүүлдэг. Энэ нь маш түрэмгий, ардчилсан бус шийдвэрийн хэлбэр бөгөөд зөвхөн маш онцгой ховор тохиолдолд л хэрэгжүүлэх бүрэн эрх төрд л байдаг.  

ТАЙЛБАР 5:
АНУ-д НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ-ыг хотын захиргаанаас тодорхой шийдвэр гаргахын өмнө, Хотын зөвлөл зөвхөн өөрийн хотдоо холбогдолтой захирамж=“жижиг” хууль гаргахын өмнө, Хот төлөвлөлт бүсчлэлийн комисс нь хотын уламжлал, шинэчлэлийн төлөвлөгөө (ХУШТ), Бүсчлэлийн газрын зураг, Бүсчлэлийн дүрэм журам, Бүсчлэлийн дүрэм журмын нэмэлт өөрчлөлт болон Тусгай зөвшөөрлүүдийн батлахын өмнө заавал хуралдуулах хуультай.  НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛИЙН ХУРАЛ (НМХ) бол хотын захиргаанаас иргэдэд мэдээлэл өгөх эсвэл мэдээлэлийг иргэдтэйгээ солилцохыг хүссэн үедээ чөлөөтэй зохион байгуулдаг, хуулиар заавал шаардаггүй хурал юм.  НМХ-уудыг ихэвчлэн хуулиар заавал хийх ёстой НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ (НС)-ын өмнө, нарийн төвөгтэй асуудлууд ихтэй (ХУШТ холбогдолтой) болон олон нийтийн үзэл бодол, хэлэлцүүлэг шаардлагатай үед зохион байгуулна.  Монгол улсын хуулинд хууль батлахын өмнө иргэдийн санал хүсэлтийг сонсох шаардлагатай гэсэн үүрэг байдаггүй болхоор иргэдтэй санал солилцох бүх НС болон НМХ-ыг Иргэний Танхимд зохион байгуулж болно.  Хэрвээ Монгол улсын хуулинд НС шаардлагатай гэж зааж оруулсан тохиолдолд хуулийн дагуу болон хуулиар шаардлагагүй НС гэж ялгах шаардлагагүй болно.

УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар АНУ-ын Коннектикут мужийн Хамден хотын Хот төлөвлөлт, бүсчлэлийн комиссийн тэргүүн, доктор Анн Алтман хот төлөвлөлт, бүсчлэлийн асуудлаар  Монгол улсад ажиллах үеэрээ бичсэн Хот төлөвлөлт, бүсчлэлийн хураангүй тэмдэглэлээс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж