Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

Танд шинэ оны мэнд хүргэе! Шинэ оноо сайхан баярлаж угтан авсан гэдэгт итгэлтэй байна.

Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

Би өнөөдөр шинэ жилийн зорилт яагаад талаар болдог тухай бичих хүсэлтэй байна.

Ричард Уайзмэний судалгаагаар шинэ жилийн зорилт гаргасан нийт хүмүүсийн 88% нь зорилтоо биелүүлж чаддаггүй гэжээ. Яагаад?

Яагаад вэ гэдгийг би энд маш энгийнээр тайлбарлахыг хичээв.

Гаргасан зорилтоо биелүүлэхийн тулд эхлээд бид зорилт биелүүлдэг дадалтай болох хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд бид амжилтанд хүргэх дадлыг эзэмшсэн байх ёстой.

За энэ юу гэсэн үг вэ гэвэл: Та булчингаа хөгжүүлэхийн тулд жин өргөж эхлэх зорилт тавьжээ гэж бодьё. Хүнд жинг та шууд өргөж чадахгүй. Хэрэв дэндүү  хүнд жин өргөх юм бол та дийлэхгүй алдана. Яг үүний адил та өөртөө шууд хүнд ачаалал өгөх юм бол  тэр хүнд ачааллыг даахад хэцүү. Тиймээс та хүнд жин өргөж сурахын тулд бага жингээс эхлэх ба улмаар таны булчин хөгжиж  дараагийн  жинрүү  орно. Тэгээд тэр жиндээ дасал болсны дараагаар дараагийн жинрүү орно. Ингэж ахисаар байгаад та өөрийн зорилтын дагуу хүссэн жингээ өргөж дийлдэг болно гэсэн үг.

Жин хасах зорилт тавилаа гэж бодьё. Ихэнх хүмүүс гэв гэнэт учиргүй хоолоо хасаад л, учиргуй гимнастик хийж эхлээд л, янз бүрийн хүч оруулах амин дэм худалдан авч, хэрэглэж эхэлсэн боловч нэг л мэдэхэд аль хэдийн буугаад өгчихсөн, яг урьд нь ямар байсан тэр байдалдаа буцаад очсон байдаг. Хэрвээ тухайн хүнд анхнаасаа биеийн тамираар хичээллэх дадал байгаагүй тохиолдолд шууд биеийн тамираар 7 хоногийн 7 өдөр эсвэл 7 хоногийн 5 өдөр хичээллэж, жин хасна гэж бодож байгаа бол ихэвчлэн замын дундаас зогсдог. Яагаад гэвэл тухайн хүний бие тэр шинэ үйлдлийг хүлээн авч, дасан зохицох гээд бөөн юм болно, тэгээд түүндээ шантрана, явцын дунд хийхэд амархан болсон буюу өмнө нь эзэмшчихсэн,  аль хэдийн дадал болчихсон зүйлүүддээ дийлэгдэж,  нөгөө дадал болж амжаагүй  байгаа шинэ үйлдэл болох биеийн тамир спортоо орхидог.

Тиймээс юуны түрүүнд зорилгоо биелүүлэх дадлыг үүсгэх хэрэгтэй. Үүний тулд гэнэт том өөрчлөлт хийх хэргэггүй.  Forbes.com дээр гарсан нийтлэлийн дагуу “Сүүлийн 10 жилд мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар шинэ дадал үүсгэхийн тулд хуучин зуршлаа шууд орхиж болохгүй. Харин түүний оронд муу зуршлаа сайн дадлаар бага багаар орлуулах хэрэгтэй” гэжээ.

Жишээ нь: Тамхинаас гарах зорилт тавиад шууд тамхи татахаа зогсоосон тохиолдолд эргээд тамхи татах магадлал их байдаг. Хэрвээ та тамхинаас гарахыг урьд нь оролдож байсан бол энэ талаар сайн мэдэж байгаа байх. Тэгэхээр өдөрт 5 тамхи татдаг байсан бол 4 тамхи болгох. Яаж вэ гэвэл өглөө босонгуутаа татдаг нэг  тамхийг зогсоож оронд нь зөгийн балтай усаар орлуулах жишээтэй. Тэгээд энэ нь дадал болсон тохиолдолд дараагийн нэг тамхийг хасаж оронд нь бохь зажлах гэх мэтээр цааш үргэлжлүүлэх жишээтэй.



надад тохиоллдсон жишээг мэдэхийг хүсвэл дээрх бичлэгийг үзээрэй.

Хоолны дэглэм барих зорилт гаргасан бол шууд идэх хоолоо огцом өөрчлөхийн оронд өглөө иддэг байсан 3 зүсэм талхныхаа 1-2 зүсмийг нэг алимаар орлуулах. Цагаан будааг бор будаагаар орлуулах зэрэг жижиг өөрчлөлт оруулах.

Сэтгэл санаагаа сайхан байлгах зорилт тавьсан бол өглөө болгон сэрээд, орноосоо босохоосоо өмнө 2-3 минут талархалаа илэрхийлэх. Эсвэл өдрөө сайхан болж өнгөрч байгааг 2-3хан мин төсөөлж, мэдрэх зэрэг жижиг өөрчлөлт оруулах жишээтэй.

Хэрэв бид хэд хэдэн удаа зорилт гаргаад түүнийгээ биелүүлж чадаагүй тохиолдолд бид өөртөө итгэлгүй болж, дахиад зорилт тавихаасаа эргэлзэж, би чадах болов уу?  Дахиад талаар болбол яанаа? ямар хүмүүс зорилтоо биелүүлдэг юм бол оо? би ер нь зорилтоо биелүүлэхдээ их муу юм байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Ийм дүгнэлтэнд хүрснээр сэтгэл санаагаар унадаг. Сэтгэл санаагаар унасан тохиолдолд онцгүй мэдрэмж төрдөг.  Онцгүй мэдрэмжнээс мэдээж онцгүй бодол үүснэ, онцгүй бодлоос онцгүй үйлдэл гарна. Тийм ч учраас бидний амьдрал санасан хэмжээнд хүрч чаддаггүй байх жишээтэй.  Тиймээс энэ бүгдээс өөрийгөө сэргийлэхийн тулд

Нэгдүгээрт: Өөрийнхөө нийт гаргасан зорилтуудаас зөвхөн хэрэгтэй гэж үзэх 1-2 зорилтыг сонгож аваад бусдыг нь орхи. Бүгдээрэнгий нь биелүүлж чадахгүй байснаас ганц хоёрыг нь хийсэн нь дээр биз дээ, тийм ээ?

Үүний тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуухыг санал болгож байна.

  • Эдгээр зорилтуудаас аль нь миний сэтгэл санаанд тустай вэ? Альныг нь хийвэл миний сэтгэл хөдөлж, би илүү их баяр баясгалантай байх вэ? Түүнийгээ сонго.
  • Эдгээр зорилтуудаас аль нь миний санхуугийн байдалд тустай вэ? Альныг нь биелүүлбэл миний санхүүгийн байдлыг сайжруулахаар байна вэ? Сайжруулахад нөлөө үзүүлэхээр байна вэ? Түүнийгээ сонго.

Хоёрдугаарт: Сонгосон 2 зорилтуудын дагуу хийж эхлэх ажлуудаа ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ-даа өнөөдрөөс оруулж эхэл. Тэгэхгүй бол бөөн хоосон амлалтууд, юунаас эхлэхээ мэдэхгүй байсаар байтал нэг л мэдэхэд шинэ жилийн зорилтууд маань талаар болж өнгөрдөг.

АМЖИЛТЫН ТАРНИ

Миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна!

Хэрвээ танд энэхүү видео шинэ жилийн зорилтоо биелүүлэхэд тусалж байгаа  бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй мөн иймэрхүү видеог цаг тухайн үед нь мэйлээр хүлээн авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.

Таны шинэ жилийн зорилт хэрхэн биелэгддэг вэ? Шинэ жилийн зорилтоо биелүүлэхийн тулд та ямар арга хэрэглэдэг тухайгаа бусадтайгаа хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээнэ үү.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр 2013 он

Эх сурвалж: http://www.ukatumur.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж