Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс долоо хоног бүр хэвлэл мэдээллийн ажилтнуудад тойм мэдээлэл хүргэдэг. Энэ дагуу УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр шинэ оны анхны мэдээллийг хийлээ.

Өнгөрсөн долоо хоног буюу 2013 оны эхний долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал, шинэ оны хоёр дахь долоо хоногийн ажлын хуваарь, ойрын үед болох онцлох үйл явдлын талаар сэтгүүлчдэд дуулгав. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталсан нь УИХ-ын дарга З.Энхболдын тэмдэглэснээр “Хүн амын эрүүл мэнд, түүний дотор сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар олон улсын жишигт нийцсэн хууль” болсныг онцлов.

УИХ-аар Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг хуулиудыг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх аж. Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.

Мөн “УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолуудын төслийг хэлэлцэх бөгөөд шинэ төслөөр УИХ-ын даргын ажлын хэсгийн зургаан хүний орон тоог ес болгож, тодорхой салбар чиглэлээр хэнд ямар ажил хариуцуулсныг дурьдсан. Мөн энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийх аж.  

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлал ёсоор энэ жил Үндсэн хуулийн 21 жилийн ойн хүрээнд УИХ-аас олон чиглэлийн ажил зохион байгуулахаар төлөвлөж байгааг Д.Энхтуяа дарга онцолсон. Энэ жилийн хувьд сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байгаа гэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж