Депардьед Оросын иргэншлийг нэгдүгээр сарын 3-нд олгосон бөгөөд 5-нд Сочид газарджээ. Оросын киноны урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд Оросын иргэн болох эрх олгосон тухай төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Депардье Францын иргэншлээс татгалзах тухай яриа анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан юм. Түүний иргэншлээ солих болсон гол шалтгаан нь татвартай холбоотой асуудал. Тодруулбал, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд орлого ихтэй, баячуудаас 75 хувийн татвар авах шийдвэр гаргасан юм. Харин Депардьегийн шийдвэрийг түүний найз Арно Фрилли тайлбарлахдаа хэвлэл, мэдээллийнхний “арчаагүй” хандлагатай холбожээ.
Депардье ямартай ч “Оросын иргэн болсондоо баяртай байна” гээд, энэ орны соёл, сэтгэмжид дуртайгаа хэлжээ. Тэрбээр ойрын хугацаанд орос хэл шамдан суралцах ажилдаа орно гэсэн байна.