Утааны байдалтай “сэм” танилцжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Утааны байдалтай “сэм” танилцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар өнгөрсөн бямба гаригийн орой хэнд ч зарлалгүй хоёулханаа “сэм” нийлэн, нийслэлийн утааны байдалтай танилцжээ. Албаны ямар ч хүн, тэр бүү хэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагч дагуулаагүй тэр хоёр өөрсдийнхөө хүссэн газраар явж, байдалтай танилцсан байна.

Чингэлтэй дүүргийн усан сан дээрээс нийслэлийн утаа ямар байгааг харж, хог, халтиргаа их байгааг ч ажиглажээ. Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн орчимд нүүрс, түлээ борлуулдаг  иргэдтэй уулзаж, “Нэг HOWO нүүрс 10 портер болдог юм байна” хэмээн твиттертээ жиргэжээ. Утаан дунд багтартлаа зогсч амьжиргааны мөнгөний төлөө түлээ, нүүрс борлуулдаг иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт үнэн бодит байдлыг нэмэр хачиргүй ярьсан байна. “Утаа аюул боллоо” хэмээн ид шуугиж эхэлсэн хоёр жилийн өмнөөс Аюулгүйн Зөвлөл хуралдуулж, хууль батлуулж, ажил эрчимжүүлснийг Ерөнхийлөгч дурдаад ажил алба хариуцсан хүмүүстэй ярих зүйл их байгааг онцлов. Утаа багасгана гэж улсын төсөв урсгаад үр дүнд хүргэдэггүй эрхмүүдийн чих ойрын үед халууцаж мэдэх нь ээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж