Малала эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Малала эмнэлгээс гарчээ

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч зоригт охин Малала Юсуфзай өнгөрсөн оны аравдугаар сард Талибанчуудын бууны суманд өртөн хүнд шархатсан. Үүний дараа тэрээр Английн Бирмингем хотын I Элизабет  хатан хааны нэрэмжит эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засал хийлгэж,  эрчимтэй эмчилгээ хийлгэсний ачаар бие нь өдрөөс өдөрт сайжирсаар өчигдөр эмнэлгээс гарсан байна. Хэдийгээр Малала охины бие бүрэн тэнхэрч эмнэлгээс гарсан ч нөхөн сэргээх эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэсээр байх аж. Мөн түүнд энэ нэгдүгээр сарын сүүл юм уу ирэх хоёрдугаар сарын эхээр дахин гавлын ясны мэс засал хийх юм байна. Малала охин өнгөрсөн аравдугаар сарын 9-нд сургуулиасаа гэр лүүгээ харьж яваад талибанчуудад буудуулан тархиндаа хүнд гэмтэл авсан. Бууны сум Малалагийн толгойн зүүн хэсэгт туссан бөгөөд мэс заслаар бууны сумыг авсан ч тархины гэмтэл нь цаашдаа зүүн нүдний хараанд нөлөөлөх учраас дахин хагалгаанд орохоор болсон аж. Эмчлэгч эмч нарын мэдээлснээр охины бие нэлээд сайжирсан учраас түүнийг дараагийн хагалгаа болтол гэр бүлийнхэнтэй нь хамт байлгахаар болжээ. Энэ хугацаанд Малалад шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээг гэрээр хийхээр болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж