
Манай улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэслийн 49.5 хувь, нийслэлийн 307 мянган автомашины 70 орчим хувь нь буруу талдаа жолоодлоготой автомашин эзлэж байна. “Манай улс зөв талдаа жолоодлоготой автомашинд зориулсан замын хөдөлгөөний дүрэм, хуультай бөгөөд зам тээврийн ослын 51.6 хувийг буруу рультэй автомашинаас үүдэлтэй байдаг аж. Буруу рультэй автомашины гэрлийн тусгал нь өөдөөс ирж яваа машины жолоочийг гялбуулдаг, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг тул осол гаргах гол үндэс болж байна” гэж Замын цагдаагийн газраас тайлбарлаж байгаа юм.
Дэлхийн улс орнуудад манай улс шиг баруун, зүүн жолоодлоготой автомашиныг хамтад нь хөдөлгөөнд оролцуулдаг улс байдаггүй юм байна. Мөн УИХ-аар буруу талдаа рультэй автомашиныг импортлохыг хориглох тухай асуудал батлагдвал нэмж нэг ч буруу жолоодлоготой машин орж ирэхгүй юм байна. Харин нэгэнт орж ирсэн буруу талдаа жолоотой автомашинуудыг хэрхэх вэ гэдэг асуудал үүсэх нь тодорхой. Энэ тухай Автотээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар “Хэрэв буруу талдаа жолоотой автомашиныг оруулж ирэхийг хоригловол нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа ийм автомашинуудыг аль болох орон нутагт шилжүүлэх бодлого барина. Харин 10-аас дээш насжилттай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200 утас болон ub1200.mn цахим хуудсуудаар өчигдрөөс эхлэн иргэдийн саналыг сонсч эхэлсэн. Мөн “Мобиком”-ын хэрэглэгчдийн дунд санамсаргүй сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээж иргэдийн саналыг сонсох юм байна.
Манай сайтад байрлуулсан санал асуулгад одоогийн байдлаар иргэдийн 75 хувь энэхүү саналыг дэмжихгүй байна гэж хариулаад байгаа юм. Жолооч нар “Хэрэв ийм шийдвэр гаргах байсан бол анхнаасаа буруу талдаа рультэй автомашиныг оруулж ирэхгүй байх ёсгүй байсан юм. Хөлсний таксигаар амьдралаа залгуулдаг иргэд илүү хохирох байх. Иргэдийн саналд тулгуурлаж шийдвэрийг гаргана гэсэн болохоор энэ санал дэмжигдэхгүй байх” гэцгээж байна.
Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгс,
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн төвийн автозамын түгжрэл 20 хувиар багасаад байна. Бид иргэдийн саналыг үндсэлэн шийдвэр гаргадаг. Өмнө нь 100 мянган иргэний 80 гаруй хувь нь дэмжсэн тул дугаарын хязгаарлалттайгааар автозамын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг үргэлжлүүлсэн. Одоогоор нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд ирүүлсэн иргэдийн саналын ихэнх хувийг буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал эзэлж байна. Мөн Засгийн газарт буруу талдаа жолоодлоготой автомашины импортыг хязгаарлах, зогсоох тухай асуудал яригдаж байгаа. Эдгээрээс шалтгаалан ням гариг бүрийн 08-22 цагийн хооронд буруу талдаа жолоодлоготой автомашиныг хотын төвийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай асуудал яригдаж эхэлсэн. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй. Нийслэлийн иргэдийн олонх нь энэ шийдвэрийг дэмжихгүй гэвэл ийм шийдвэр гарахгүй” гэсэн юм.
Улсын хэмжээнд өдөрт дунджаар 250 орчим машин шинээр дугаар авч, механик өсөлт нэмэгдэж байгаа энэ үед бодлого дүрмээр замын хөдөлгөөний түгжрэлийг зохицуулах нь зүй. Гэвч иргэдийн санал бодлыг харгалзан үзэж, оновчтой шийдвэр гаргана гэдэгт иргэд найдаж байна.