Түүхий эд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Түүхий эд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаж, Монгол Улсын дансанд орж ирсэн өдрөөс эхлэн хүү төлж эхэлсэн нь араасаа сайн, муу олон асуулт  дагуулсан. Энэ асуудал намжаагүй байхад арьс, шир үйлдвэрлэгчдэд зориулж 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон ч бас чамгүй шүүмжлэл дагуулсан. Түүгээр ч барахгүй МАН-ын гишүүд нэмж 100 тэрбум төгрөгийн бонд гаргана гэж “барьцахад” хүргэсэн билээ. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг ч гаргасан. Учир нь МАН-ын зүгээс нэмж 100 тэрбум төгрөгийг гаргаж, Сүүний үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлснээр Ардчилсан нам, МАН-ын гишүүдийн дунд багагүй “тэмцэл” өрнүүлсэн. Ардчилсан намын бүлгийн дарга “Та нар дандаа ингэж байх юм. Ардчилсан нам нэг юм хийх гэхээр МАН дандаа барьцаж байдаг” гэж бухимдуулаад авсан.

Ийн олон асуудал дагуулсан Арьс, ширний үйлдвэрүүдийг дэмжих зорилготой “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолыг шинэ оны өмнө баталж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлж буй. Гэхдээ 2014 оноос зөвхөн хоршооны гишүүдэд урамшуулал олгох давхар нөхцөлтэй.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч 2012 оны зургадугаар сарын 13-ны өдөр арьс ширийг дотоодоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.  УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаантай үнэт цаасыг гаргах ёстой. Энэ дагуу Үнэт цаасыг арилжаалахыг Засгийн газарт үүрэг болгосон бөгөөд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчинд урамшуулал олгох.

Мөн үнэт цаас гаргахад хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг  хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн долоон хувиас илүүгүй байхаар тооцох аж. Өөрөөр хэлбэл, зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн малчин, хувь хүн жилийн долоон хувь орчмын хүүтэй зээл авч болох юм байна. Мөн арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийхийг Засгийн газар гүйцэтгэх юм. Гэхдээ Засгийн газар малчин болон хувь хүнд ямар журмаар олгохыг шийдвэрлэсний дараа энэхүү тогтоол хэрэгжиж эхлэх юм.

Тогтоолд зааснаар  2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой юм. Гэвч  тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ  2011 оны 30 дугаар тогтоол буюу Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү өөрчлөлтөөр 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүн үргэлжлүүлэн авахаар тусгасан байна.

 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж, урамшуулал олгосноор малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсч, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан олзуурхаж буй. Хэрэв энэ урамшуулал, дэмжлэг жинхэнэ эзэндээ хүрч чадвал малын толгойгоор дэлхийд данстай ч үр шим багатай хөдөө аж ахуйн салбарт энэ Засгийн газрын оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт буюу нүдээ олсон дэмжлэг болно гэж мөн албаныхан тайлбарлаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж