Засгийн газрын мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын мэдээллийг сонслоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын ирэх хавар улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар гишүүд мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Эл мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс бусад бүлгийн гишүүд сонслоо.

Засгийн газрын хувьд ирэх онд нэр бүхий зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнд Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор зэрэг аймгууд багтаж байгаа аж. Нийт 300 сая ам.доллар зарцуулах юм байна. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын баримтлах нэг бодлого нь орон сууцны үнийг бууруулах хүрээнд квадратынх нь үнийг бууруулахад голлож анхаарах гэнэ. Тухайлбал, жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцыг 1 метр квадратыг нь 1.5 сая төгрөгөөр үнэлэн худалдан авах, жилийн 12 хувийн хүүтэй орон сууцыг 1 метр квадратыг нь 1 сая төгрөгөөр худалдан авах хоёр ялгаагүй тусна. Тиймээс квадратын үнийг бууруулахад анхаарах болно гэдгээ Ерөнхий сайд хэллээ. С.Батболдын Засгийн газраас иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж байсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүд өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад өвс тэжээлийн үнийг хямдруулж борлуулах боломж байгаа эсэх. Зам даваа хаагдсан аймгуудад ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг сонирхлоо.

Ерөнхий сайдын тайлбараар бол маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Түүгээр өвөлжилт хүндэрч байгаа нэр бүхий аймгуудын талаар мэдээлэл сонсч, өвс тэжээлийг хэрхэх талаар ярилцах гэнэ. Өчигдөр аймгуудын удирдлагатай видео хурал хийхэд улсын чанартай авто замуудаас гадна орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, түүнийг ойр, ойрхон онгойлгох хэрэг гарч байгаа учраас хөрөнгө мөнгөний туслалцаа шаардлагатай байна гэдгээ мэдэгдсэн. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ аваад явна гэдгээ хэллээ. УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч дууссанаар Засгийн газрын цаг дууслаа.
 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж