Буриад лам нар шүтээнээ алджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Буриад лам нар шүтээнээ алджээ

Монголтой хил залгаа ОХУ-ын Буриад улсын буддын лам хуврагууд сүүлийн өдрүүдэд бужигнаантай байна. Хэд хоногийн өмнө “урт гартан”-ууд Бадмасамбаевын суваргын оройг эвдэж дотор нь шүншиглэн хийсэн Гүр Ринбүүчийн дүр бүхий шүтээнийг авч оджээ. Тахилгат Челсан уулын зүүн өмнөд хярд босгосон уг суваргыг нутгийн иргэд Дандар ламын суварга хэмээн шүтэж иржээ.

Хулгайч нар Гүр Ринбүүчийн цутгамал дүрийг алтадмал хэмээн андуурсан, эсвэл дотор нь эрдэнэсийн зүйлс хийсэн хэмээн бодож авсан байх гэж нутгийнхан үзэж байгаа гэнэ. Харин Иволгын дацангийн хуврагуудын ярьснаар бол Буриадын лам нарын дунд Гүр Ринбүүчийн дүрийг өөр өөрийн орон хийдэд залах гэсэн далд өрсөлдөөн байдаг бололтой. Тийм зорилгоор ч уг шүтээнийг хулгайлсан байж болох гэнэ. Шүтээнээ алдсан лам нар ямар ч зорилгоор авсан бай, их хувилгаан Гүр Ринбүүчийн дүрд халдсан хүний нүгэл нүдээрээ гарах болно гэсэн зарыг Буриад даяар тарааж буй ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж