Э.Ганболор хүүхдүүдэд бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Э.Ганболор хүүхдүүдэд бэлэг барилаа

News.mn сайтын сурвалжлах багийнхан баярын өдрүүдэд сурвалжлага бэлтгэж байх явцад хүүхэд багачуудад бэлэг барьж буй "Sweetymotion" хамтлагийн ахлагч, дуучин Э.Ганболортой дайралдсан юм. Тэрээр "Боловсрол суваг" телевизээс бэлтгэн хүргэдэг "Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?" нэвтрүүлэгт зочноор оролцжээ. 1-5-р ангийн хичээлийн асуултад хариулж, 5000-1.000.000 төгрөг хүртэл мөнгө хождог тус шоу нэвтрүүлгээс дуучин Э.Ганболор 50.000 төгрөг хожсон байна.

Хожсон мөнгөө хүүхэд, багачуудын төлөө сайн сайхан үйлсэд зориулахыг уриалдаг нэвтрүүлгийн дүрмийн дагуу дуучин Э.Ганболор "Улсын их дэлгүүр"-ээс бэлэг сонгон, хүүхдүүдийг баярлуулж байгаа нь энэ. Уянгалаг хоолойтой дуучин бүсгүй бага зэрэг даарсан шинжтэй байсан ч маш их баяр хөөртэйгээр хүүхдүүдэд бэлгээ өгч, халуун дотно яриа өрнүүлж байсан нь хотын гудамжаар яваа хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан юм. Дуучин Э.Ганболороос энэ мөчид сэтгэгдлийг нь асуухад: "Маш сайхан санагдаж байна. Хожсон мөнгөөрөө хүүхдэд зориулсан ямар нэгэн алхам хийх боломж олгодог учраас маш их таалагдаж, энэ нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн" гэсэн юм.

"Энтертайнментээр боловсрол олгох хөтөлбөр"-ийг санаачлан, хэрэгжүүлж буй "Боловсрол суваг" телевизийн танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлгийн дараа, дараагийн зочид ч сая, сая төгрөг хожиж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө үйлсэд зориулах болов уу. "Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?" шоу нэвтрүүлэг нь тус телевизийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж нэгэн хэлбэр гэж ойлгож болох юм. Хүүхэд, багачуудад мэдлэгээ баталгаажуулах, олны танил хүмүүст сурагч насны дурсамжаа хөглөх боломж олгодог нь үзэгчдэд ихээхэн таалагддаг. "Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?" шоу нэвтрүүлэг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар үзэгчдийн хамгийн их таашаан үздэг нэвтрүүлгийн нэгээр тодорчээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж