
Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Б.Цогоо юм. Энэ эрхэм 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн бөгөөд инженер-эдийн засагч мэргэжилтэй аж. Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшээд байгаа Б.Цогоо нь 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 2004 онд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшсэн Б.Цогоо нь төрийн албан хаагч мөн үү, биш үү” гэдгийг тодруулж байв. Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Яамны шинжлэх ухаан төлөвлөлт удирдлагын системийн хүрээний бодлогын газар, мөн Гэгээрлийн яамны стратеги, удирдлага төлөвлөлтийн газар харьяалагдаж байсан. Үүнээс гадна 2000 оноос хойш Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажилласан байгаа юм. Шинжлэх ухаан, техникийн улсын хороо нь яамны статустай болж байсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд ажилласныг нь хараад төрийн жинхэнэ албанд ажилласан гэж тооцож үзэж болохоор байгаа юм. Мөн ОХУ-ын Москва хотод Монгол Улсыг төлөөлөн олон улсын төвд ажиллаж байсан” хэмээлээ. Харин О.Баасанхүү гишүүн “Танилцуулга дээр олон газар ажилласан, мөн компанид ажилласан тухай ч байна. Миний хувьд 15 жилийн тухай л яриад байгаа юм. Шинжлэх ухаан, техник мэдээллийн төв бол өөр байгууллага. Шинжлэх ухаан, техникийн улсын хороо өөр юм шүү дээ. Мэдээллийн төв гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагчийн статус бүхий байгууллага биш юм. Ийм эргэлзээтэй асуудлыг шүүхэд өгөөд шийдчихдэг туршлага Ерөнхийлөгчийн Тамгын газарт бий. Ерөнхий прокурорыг томилох үеэр “Хуульч биш байна” гэсэн маргаан үүссэн. Тэгэхэд Цэц дээр очоод маргаан үүсэж байлаа. Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Гэхдээ иймэрхүү дутуу бичигтэй ийм асуудлаа нэг мөр цэгцлээд ороод ир гээд байгаа юм” гэв. Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд 14 жил ажилласан. Энэ хороо нь агентлагийн статустай явж ирсэн гэдгийг тодотгомоор байна” гэлээ. Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшиж байгаа Б.Цогоо “Би улсад 32 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 28 жил нь төрийн байгууллагад ажилласан” хэмээв. Харин УИХ-ын дэд дарга Л.Цогийн тухайд төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албан хаагч хоёр ялгаатай болохыг тодотголоо. Төрийн жинхэнэ албанд 15 жил ажилласан уу гэдэг нь эргэлзээтэй байгаад Үндсэн хуулийн Цэцэд очоод маргаан үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах горимын саналтай байна гэлээ. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Төрийн албаны зөвлөлд нэр дэвшиж буй Б.Цогоогийн асуудлыг хойшлуулсан юм.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин