АНУ хуурамч тамхинаас алдагдал хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

АНУ хуурамч тамхинаас алдагдал хүлээж байна

Хоёрдугаар сарын нэгэн цэлмэг өглөө АНУ-ын шалгалтын багийнхан хайрцагтай тариа, шош, тамхинд шалгалт хийж байна. Энэ бол АНУ-ын тамхиний аварга том компани “Altria Group Inc”-ын хөлсөлсөн хувийн-мөрдлөгийн компани бөгөөд Нью-Йорк хотын татварын албаныхны нүдийг хариулан оруулж ирж зардаг хуурамч “Marlboro” тамхийг  илрүүлээд байгаа нь энэ юм.
АНУ-д хуурамч тамхины наймаа болон тамхины контрбанд цэцэглээд байгаа юм. Учир нь АНУ-ын Нью-Йорк болон бусад 21 муж сүүлийн жилүүдэд тамхины татвараа нэмэгдүүлсэн юм. Мужийн татвараас гадна АНУ-ын Засгийн газар нэг хайрцаг тамхины татварыг өнгөрсөн жил 159 хувиар нэмэгдүүлж хайрцаг тутамд 1.01 ам.долларын татвар оноосон. Ингэснээр Нью-Йорк хотод зарагдаж байгаа пачка тамхины дундаж үнэ 10 ам.доллар болж байгаа юм. Энэ нь арав орчим жилийн өмнө байсан үнээс хоёр дахин илүү үнэтэй гэсэн үг юм.
Тамхины үнэ нэмэгдсэнээр тамхи татах явдал буурсан хэдий ч сүүдрийн хар захыг дэлгэрүүлэх сөрөг нөлөө үзүүлээд байна. Жишээ нь “татвар багатай Виржиниа мужаас хөнгөн тэрэг дүүрэн тамхи ачаад “Interstate 95” муж хоорондын хурдны замаар Нью-Йоркт авчирж зарахад  30 мянга гаруй ам.долларын ашиг унаж байна” гэж АНУ-ын Архи, тамхи, галт зэвсэг, дэлбэрэх бодисын товчооны ахлах мэргэжилтэн Cristino Perez ярьж байна.
Азид “Altria Group Inc” компани хуурамч тамхитай тэмцэх сүлжээ байгуулж эхлээд байна. Зөвхөн Хятадад л гэхэд жижиг үйлдвэрүүд 400 тэрбум ширхэг хуурамч янжуур нэг жилд үйлдвэрлэж байна. Хуурамчаар бренд бүтээгдэхүүнийг нь дуурайлган хийж байгаатай тэмцэхийн тулд “Altria Group Inc” компани олон арга хэмжээ авч байгаа бөгөөд АНУ-ын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. АНУ-ын татварын байгууллагууд мөн хуурамч тамхи болон тамхиний сүүдрийн зах зээлээс болж татварын орлогоо алдаж байгаа юм. Нью-Йорк муж л гэхэд жилд нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна гэж тооцож байна. АНУ жилд хуурамч тамхинаас болж таван тэрбум ам.долларын орлого алдаж байна гэж АНУ-ын Хууль зүйн департамент өнгөрсөн жил мэдэгдсэн.
“Altria Group Inc” компани нь “Philip Morris USA”, “United States Smokeless Tobacco Inc” зэрэг компаниудын эцэг компани бөгөөд “Marlboro”, “Boston”, “Philip Morris”  зэрэг дэлхий даяар алдартай бренд янжуурууд болон өөр олон төрлийн вино үйлдвэрлэдэг. “Altria” гэдэг нь латин хэлээр “өндөр” гэсэн утгатай үг юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж