Орон нутгийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Орон нутгийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг үүрэгдэв

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн  аймаг, орон нутгийн удирдлагуудтай сар бүрийн эхний долоо хоногт хийдэг цахим хурал дөрөв дэх удаагаа болж, шинээр томилогдсон Засаг дарга, ИТХ-ын дарга нарт ажлын цаг, амралтын өдөр ялгалгүй эрч хүчтэй, санаачилгатай ажиллахыг хүслээ.

Өнөөдрийн байдлаар Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай гэсэн зургаан аймгийн Засаг дарга томилогдоогүй байна. Үүнд ямар нэг улстөржсөн шалтгаан байхгүй, хууль зөрчиж хуралдсан болон Иргэдийн хурал нь хуралдаагүй байгаатай холбоотойг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглээд маргаантай асуудлаа цэгцэлж, хууль дүрмээ барьж ажиллахыг анхаарууллаа.

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийнэ. 100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулснаас 20 гаруйг нь санхүүжүүлэхээр шигшиж үлдээсэн. Эдгээр төсөл нэг бүрийг ач холбогдлоор нь ангилж, дахин ярилцаж ямар ажлыг эхлүүлэхээ шийдвэрлэнэ. Орон нутагт ч томоохон бүтээн байгуулалт хийхээр бэлтгэл ажлууд ид хийгдэж байгааг онцоллоо.
 
Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Дорнод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Дорноговь аймгийн төвийг энэ онд багтаан Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн төвд битүү зах буюу худалдааны төв барина. Таван аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх зураг төсөл, хөтөлбөрийг гаргана. Энэчлэн энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудын заримаас Ерөнхий сайд нэрлээд  орон нутгийн удирдлагууд хүчин чадлаа бүрэн дайчлан, санаачилгатай бүтээлч байж, иргэдээ сонсож, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа шинэ арга барилаас санаа авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн нутаг оронд үүссэн бэрхшээлийг тоочдог, танилцуулдаг биш шийдвэрлэхийн төлөө зүтгэж ажилладаг байх ёстойг анхааруулсан юм.

Өвөлжилт, цаг үеийн байдлын талаар Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарын мэдээллийг сонссоны дараагаар  Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг агаарын мэдээг урьдчилан авч байхыг анхааруулж, цаг уур, онцгой байдлынхантай байнга холбоотой ажиллах ёстойг хэллээ. Өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад шаардлагатай байгаа асуудлаар 01 дүгээр сарын 05-нд болох Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Цагаан сарын баяр ирэх сарын 10-нд болно. Энэ баяраас өмнө улсын тэргүүний малчин, тариаланчдыг шалгаруулж, нутаг оронд нь очиж шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын нэгдсэн семинарыг энэ сарын 16-18-нд Улаанбаатарт хийхээр төлөвлөж байгааг орон нутгийн удирдлагуудад дуулгаад үүнээс өөрөөр Улаанбаатарт олон дахин ирэх шаардлага байхгүй. Сар бүрийн эхний 7 хоногийн пүрэв гаригт цахим хурал хийж асуудлаа танилцуулж, шийдвэрлэж байна гэдгийг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж