
Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд бүр ч ичгэвтэр. Албанаасаа буусан даруйдаа Монголын улс төрөөс холдож, титэм үг тэрлэхээ амласан ч санаснаа гүйцэлдүүлсэн нь үгүй. Ардын нам дахь Н.Багабандийн армийг хү-чирхэгжүүлж, залуужуулахын зэрэгцээ “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж буй. Гэхдээ тэрбээр уг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сэтгүүлчидтэй хийдэг уулзалтаас цаг ямагт зугтааж явдаг бөгөөд өөрийн байр суурийг хэвлэлээр нээлттэй илэрхийлсэн нь үгүй. Үүнийг нь “хумсаа нуусан муур шиг” гээд зүйрлэчихвэл хатуудаж мэдэх ч бодит нөхцөл байдал та биднийг “Н.Багабанди гэж ямар Ерөнхийлөгч байлаа” хэмээн эрж сурахад хүргэж мэдэх л юм. Энэ нь түүний нууцлаг чин үнэнтэй уялдаа холбоотой дүгнэлт бөгөөд “Ерөнхийлөгчийн албыг булхай болгогч” гэж хатуухан дүгнэвэл буруудах юун. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байсан хүн нь нэгэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж, 40 мянгаар тоологдох цалин халааслаад сууж байгаа болохоор ингэж дүгнэхэд ч багадаж мэдэх л юм. Ядахад анхных нь зөвхөн уул уурхайн хөрөнгө оруулагчийг өмгөөлөхийн төлөө үгээ хэлж, санал бодлоо илэрхийлдэг гэж бодохоор бид ямар хүмүүсийг Ерөнхийлөгчөөр сонгож байсан юм бэ дээ. Уг нь бол бидний бодох нь ээ тэд зудтай турхантай үед ард олноо уриалж, ядарсан зүдэрсэн олондоо туслах санаачилга гаргаж болох баймаар. За тэр малаа хувьдаа авсан малчин энэ тэрд туслахаас татгалзаж байгаа бол “Агаарын бохирдлын эсрэг” гэсэн уриатайгаар өөрийнх нь төлөө санал өгч, өндөр сэнтийдээ залж байсан олныг утаанаас хамгаалах аянд уриалж, төрийг хөдөлгөхөд болохгүй зүйл үгүй. Уул, усаа аврах эх оронч санаачилгыг манлайлж, “Монголоо хайрлая” хөдөлгөөн өрнүүлэхэд ч алдаа болохгүй л байх. Харамсалтай нь манай Ерөнхийлөгч аснуудаас энэ зэргийн санаачилга гарсан нь үгүй. Бодох нь ээ тэд яавч мань мэтээс дутуу сэтгэж, улс орныхоо төлөө юу хийж болох тухай ганц секунд ч гэсэн бодохгүй байна гэж баймгүй санагдана. Гэвч тэд тэгдэггүй бололтой.
Үлдсэн нөгөө Ерөнхийлөгчийн тухайд бөөн асуудал. “Насаараа Ерөнхийлөгч байна” гээд мөрөөдчихсөн нэг эрхэм. Хүслээр нь болсон бол Монголдоо л В.Путин байх ёстой байж. Азаар түүнд тийм их хувь заяа олдсонгүй. Үүнд бачимдахдаа өлсч, үхэхээрээ айлгаж, төрийг бусниулж, улстөрчдийг мунхруулж айлгахын. Иймд УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачлаад байгаа “Төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүсийг, тэр дундаа Ерөнхийлөгч нарыг ямар нэгэн компанийн зөвлөх хийх замаар өөрсдийн мэдээллийг ашиглахыг хориглож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албанд автоматаар томилж байя” гэсэн хуулийн төслийг гараа өргөөд дэмжмээр санагдав. Мэдээж бидний санал УИХ-д хүчингүй ч гэсэн иргэн хүнийхээ хувиар яагаад санал бодлоо илэрхийлж болохгүй гэж. Ингэхдээ мэдээж насаар нь зөвлөх олгоод “дархан цаазтай” болгочих ч юм бас биш шүү. Хуулийн өмнө эрх тэгш байж, хууль зөрчсөн бол ялаа эдэлдэг тэр үүргийг нь нээлттэй үлдээх хэрэгтэй. Үүнд нь зөвхөн Ерөнхийлөгч төдийгүй Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалтныг хамруулах хэрэгтэй. Учир нь тэдэнд маш чухал бас нууц мэдээлэл, тоо баримт болон арвин их туршлага бий шүү дээ. Тэгээд нийгмийн сайн сайхны төлөө үүрэг үүргийг нь нэмж өгөхөд ч болно. Гол нь өөрийгөө сайн дураараа ашиглуулдаг хөрөнгө оруулагчдын зөвлөх гэсэн хачирхалтай алба хашин эрхийг нь хязгаарлаж өгөхгүй бол эцсийн дүндээ хэн байсныг нь ч мартчих гээд байхын байна шүү дээ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм"
