
Уг хөтөлбөрт “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөр багтаж байна. Дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёр оронтой тоонд эргэлдэн “цогиж” буй инфляцийг буулган “мөлхүүлэх”-ээр гарааны санхүүжилтэд 720 орчим тэрбум төгрөгийг Монголбанк Засгийн газарт зээлдүүлж буй.
Ер нь өндөр инфляцитай нүүр тулсан орнууд инфляцийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдийн засгийн шинжээч А.Ж.Хаманн, А.Пратти нарын инфляци тогтворжуулах хөтөлбөрүүдэд хийсэн судалгаанаас харахад хөтөлбөр амжилттай хэрэгжихэд гадаад хүчин зүйлээс хамаарах “аз”, хөтөлбөрийг хэргэжүүлэх цаг үе, улс төрийн нөхцөл байдал гэсэн гурван хүчин зүйл чухал нөлөөтэй байдаг аж. (Why Do Many Disinflations Fail? The Importance of Luck, Timing, and Political Institutions by A. Javier Hamann, Alessandro Prati) Судалгаанд гадны орнуудын инфляци тогтворжуулах 51 хөтөлбөрийг авч үзсэн байна.
Гадаад хүчин зүйлээс хамаарах “аз” гэдэгт гадаад худалдаа орж байгаа юм. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, экспортын бүтээгдэхүүний үнэ буурвал инфляцийг тогтворжуулах хөтөлбөр “азгүйтэх” магадлал ихэсдэг байна. Харин эсрэгээр байвал хөтөлбөр амжилттай хэрэгжих боломж өсдөг гэнэ. Мөн инфляцид импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний тээврийн зардал шууд нөлөөлдөг байна.
Монголбанк “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөртөө гадаад худалдааны орчныг сайжруулах оролдлого нэлээд хийсэн байна билээ. Импорт болон экспортын бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөдөг тээврийн салбарынханд зээл олгож, үйл ажиллагааг нь дэмжихээр болжээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” ХХК-д бага хувийн хүүтэй зээл олгож, хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэхээр хэлэлцэж байгаа.
Манай улсын хувьд 329.000 өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдгаас 62.000-ийг нь импортоор оруулж ирдэг. Тээврийн салбарын үр ашиггүй байдлаас хамаарч хил дээр импортоор орж ирсэн бүтээгдэхүүний үнэ Улаанбаатарт зарагдахдаа хэд дахин өссөн байдаг байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийг манай улс хөлддөггүй боомт гэдэг утгаар нь Тянжинаас оруулж ирдэг. Тянжин-Замын-Үүд-Улаанбаатар гэсэн чиглэл бол манай гадаад худалдааны гол зам юм. Энэ чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн импортолдог хувийн секторынхны ярьснаар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн дутагдалтайгаас гадна хүнсний бүтээгдэхүүн нь Замын-Үүдэд гацах тохиолдол элбэг гэнэ.
Энэ нь терминалын хүрэлцээгүй байдлаас шалтгаалдаг ажээ. Мөн хүнсний бүтээгдэхүүн зөөхдөө стандартын дагуу ачдаггүйгээс шалтгаалж муудах тохиолдол элбэг байдаг байна. Үүнээс улбаалж үнээ өсгөхөөс өөр аргагүй байдаг гэж ярьж байна билээ. Инфляци өсөх нэг шалтгаан нь тээвэр болж буй учраас энэ салбарт зээл өгч байгаа аж.
Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляци тогтворжуулах хөтөлбөр “азтай” хэрэгжих эсэхийг шийддэг. Тухайлбал, Оросын “Роснефть” шатахууны үнээ өсгөвөл манайд шууд нөлөөлнө. Дэлхийн зах зээл дээр 2007, 2008 онд нефтийн үнэ өссөн нь манайд инфляци өсөх нэг шалтгаан болсон. Шатахууны хилийн үнэ болон валютын хэлбэлзлээс үүдэн шатахуун импортлогч компаниуд эрсдэл хүлээдэг. Хил дээрх шатахууны үнэ өсөхөд шатахууны жижиглэнгийн үнэ өсч, инфляцид нөлөөлдөг.
Энэ эрсдэлийг бууруулах зорилгоор Төвбанк “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг боловсруулж, шатахуун импортолж жижиглэнгээр худалдаа хийдэг 13 компанид 120 сая ам.долларыг арилжааны зургаан банкаар дамжуулж зээлэх болсон. Эцсийн зээлдэгч буюу шатахуун импортлогчдод энэ зээл 3.8 хувийн хүүтэй очиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Жаст-Ойл”, “Магнай трейд”, “Монпетекс”, “Шунхлай”, “Сод Монгол” гэсэн шатахуун импортлогч таван компанид Хадгаламж, Капитал, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкуудаар дамжуулж Монголбанкнаас нийт 82.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Шатахуун импортлогч болон тээврийн салбарынханд олгож буй зээлээс харвал үнэ тогтворжуулах хөтөлбөр нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг барих зорилготой байгаа юм. Нийлүүлэлтийн чанартай инфляци үүсэхэд импортын бүтээгдэхүүнээс гадна дотоодын махны үнийн өсөлт чухал байр суурь эзэлдэг билээ. “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр нь мах, гурилын үнийг тогтвортой барих зорилготой.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 14.000 тонн, Эрдэнэт, Дархан хотуудад тус бүр 1000 тонн мах зоорилж, жижиглэн савлаж борлуулах “Нөөцийн махны менежер”-ийг сонгох болсон. “Менежер”-ээр “Жаст агро” ХХК-ийг сонгожээ. Төв банк Хадгаламж банкаар дамжуулж 30 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээснийг “Жаст агро” ХХК ашиглаж эхэлсэн байна. Махны нийлүүлэлтээ тогтвортой хангаснаар үнийг барих боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн А.Ж.Хаманн, А.Пратти нарын судалгаанд дурдсанаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг үе мөн чухал нөлөөтэй байдаг аж. Тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө инфляцийн өсөлт бага хугацаанд үргэлжилсэн бол “аз” ивээх магадлал нэмэгддэг байна. Монголын хувьд инфляци нь улирлын чанартай байдаг учраас “аз” ивээх боломжийг тодорхойлоход бэрхшээлтэй.
Мөн Засгийн газраас бодлогын хэрэгжилтээ хэзээ эхлүүлэхээ зөв тооцох нь чухал байдаг байна. Манайд инфляци 10 хувь хүртэл нь мөнгөний бодлогыг чангалдаггүй, өнгөрсөн оны аравдугаар сард баталсан төсвийн хуулийн дагуу төсвийн алдагдалтайгаар зарцуулалт хийдэг зэргээс харахад бодлогын шийдвэрийн хэрэгжилт Монголд хоцордог нь ажиглагдаж байна.
Түүнчлэн судалгаанаас харахад тухайн орны улс төрийн аль нам эрх барьж байгаа нь тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг байна. Урт хугацаанд төрийн эрхийг барьсан нам уг хөтөлбөрийг хэрэгжүүлбэл “аз” дайрах магадлал өсдөг аж. Учир нь ард иргэдийн төрд, инфляци бууруулах хөтөлбөрт итгэх итгэл өндөр байдаг гэнэ. Мөн шинэ Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлбэл “аз” дайрах магадлал өсдөг байх юм. Шинэ Засгийн газар улс төрийн нэр хүндээс илүүтэй инфляцийг бодитой буулгахад анхаарлаа хандуулдаг аж. Харин гурваас олон жил Засгийн эрх барьсан бол олон нийтийн дунд нэр хүндээ авч үлдэх гэсэн алхам хийдэг гэсэн дүгнэлт гарчээ. Эндээс харахад Шинэчлэлийн Засгийн газар Монголбанктай хамтарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй учир “аз” дайрч, инфляци бодитой буурах магадлал байна. Хөтөлбөрийг “азын тэнгэр” ивээх болтугай. 2012 оны хамгийн том энэхүү амлалт айсуй 2013 оны эдийн засгийн хамгийн чухал ололт болон өгөөжөө өгөг ээ.
Э. Хулан