ЭМЯ шуурхай зөвлөгөөн хийв

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

ЭМЯ шуурхай зөвлөгөөн хийв

ЭМЯ-ны удирдлагууд өнөөдөр шуурхай зөвлөгөөн хийлээ. Түүгээр 2013 онд хийх ажлынхаа талаар зөвлөлдөж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдээс ирсэн саналыг үндэслэн эмнэлгүүдийн лавлах үйлчилгээ, эргэлтийн байрны шуурхай үйлчилгээ, ая тухтай байдлыг хангах бодлого, чиглэлээр эмнэлгүүдийг хангахаар болжээ.

Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хууль болон Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгжийн өртөг зардлыг тогтоох, эмнэлгийн ажилтны төгсөлтийн дараах сургалт, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлэг зэрэгт ойрын үед анхаарлаа хандуулж ажиллах юм байна.  ЭМЯ-ны харьяа эмнэлгийн байгууллагуудын дарга нартай Эрүүл мэндийн сайдын хийсэн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг энэ долоо хоногт дүгнэж дуусгахаар болсон байна.

“Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 2013 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай мөн хэлэлцжээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын санг бие даалган байгуулах талаар санаачлагатай ажиллах, Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн ажлыг эрчимжүүлэх, аймгуудад байгуулах оношлогооны төвийн төслийг эцэслэн боловсруулж сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийг олон улсын стандартын шаардлага хангасан үндэсний лавлагаа төвүүд болгож, бүтцийн өөрчлөлт хийх үлгэрчилсэн журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн үндэсний лавлагаа төвүүдийн захирал-төсвийн ерөнхий менежерүүдийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зарлахаар болсныг мэдээлжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өвөлжилтийн байдал хүндэрсэн орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээний асуудлаар өнөөдөр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай шуурхай видео хурал зарлаад байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж