ФИФА Бирмийн хөлбөмбөгт хориг тавина

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

ФИФА Бирмийн хөлбөмбөгт хориг тавина

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Мьянмар буюу Бирмийн хөлбөмбөгийн холбоонд санхүүгийн шалгалт хийх хүсэлтэй байна. Швейцарьт байрлах эрхмүүд Бирмийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг санхүүгийн будлианаар хувьдаа мөнгө завшсан гэж сэжиглэж байгаа юм. Хэрвээ энэ сэжиг батлагдвал Мянмарын хөлбөмбөгийн шигшээ баг олон улсын ямар нэгэн тэмцээнд оролцох эрхээ хасуулах, цаашлаад ФИФА-гийн гишүүн байх эрхээ хасуулах аюулд ороод байна. Бирмийн засгийн газрын мэдэлд байдаг “The Myanmar Times” сонинд мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Мьянмарын хөлбөмбөгийн холбоо шинэ цэнгэлдэх барихаар болж, санхүүгийн асуудлыг ФИФА хариуцахаар тохирчээ. Барилгын ажлыг “Max Myanmar” хэмээх барилгын компани гүйцэтгэхээр болсон байна. Харин уг барилгын компанийн захирал нь Мьянмарын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зав Зав аж. Энэ эрхэм нь Европын холбооны хар дансанд бүртгэлтэй байдаг юм байна. Зав Зав Европт хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас одоо тус тивд ямар нэг үйл ажиллагаа явуулах эсвэл хөл тавих эрхгүй болжээ. Европын холбоо Зав Завт зургаан оронтой тооны еврогийн торгууль, эсвэл баривчлан саатуулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа аж. Швейцарийн Засгийн газар Зав Завтай холбоотой хэд хэдэн бичиг баримтыг ФИФА-д гаргаж өгснөөр асуудал Мьянмарын эсрэг эргээд байгаа юм. Хэрвээ Мьянмарын хөлбөмбөгийг ФИФА олон улсын тавцанд хоривол манай улстай хийх ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолт цуцлагдана гэсэн үг. Мөн ФИФА одоо тус улсад хэрэгжүүлж байгаа “Гоол-4” төслөө зогсоогоод байна. 2001 оноос эхлэн яг манай улстай адилаар Мьянмарт “Гоол-1”, “2”,болон “3” дугаар төслүүд хэрэгжиж, хөлбөмбөгийн холбоог нь 10 гаруй жил “тэжээж” ирсэн юм. Яг л манай улстай адил.

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж