Шинэ оны шинэ үзэгдэл

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ оны шинэ үзэгдэл

Хуанлийн
хуудас эргэсээр 2013 он гарлаа. Шинэ 2013 оноос тэгвэл бид юу хүлээх
вэ. Юуны өмнө энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дөрвөн
жил тутамд Төрийн тэргүүний сонгууль хийдэг нэгэн цикл эргэн ирж байна.
Парламентад суудалтай АН, МАН, МАХН,МҮАН, ИЗНН энэ сонгуульд нэр
дэвшигчээ тодруулан өрсөлдөх эрхтэй. УИХ-аас хуучин оны сүүлээр баталсан
хуулийн дагуу зургадугаар сарын сүүлээр энэхүү сонгууль болж анх удаа
Төрийн тэргүүн тодруулахдаа иргэний цахим үнэмлэх, автомат машин
ашиглаж, гадаадад байгаа Монгол Улсын иргэн сонгогчдоо оролцуулна.

Монголын
төрт ёсны 2222 жилийн түүхэн ой 2013 онд тохионо. Мянга нэг зуун арван
нэгэн жилийн давтамжтайгаар төрт ёсны их ойд дөрвөн ижил тоо давхцан
таарахын нэг нь ийнхүү бидний энэ үед тохиох гэж байна.

УИХ-ын
76 гишүүнээс хоёр нь сэнтийдээ суугаагүй байна. Өвөрхангайн тойргоос
АН-ын Д.Зоригт, МАН-ын С.Чинзориг нарын нэг УИХ-д суухаар шүүхийн
шийдвэр хүлээж байгаа бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын
сонгуулийн дахин санал хураалт болж АН-ын Л.Эрхэмбаяр, МАН-ын
Д.Сумъяабазар нар тоосоо үзнэ. Үүний дараа УИХ-ын 76 гишүүн элэг бүтэн
болно.

Төсвийн шинэ хууль үйлчилж, аймаг, орон нутаг анх удаа
төсөв, хөрөнгө захиран зарцуулах эрхээ эдэлнэ. Нэгдсэн төсвийн
тогтвортой байдлыг хангахад чиглэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай
хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд 2013 оны төсвийн жилээс эхлэн
бүрэн хэрэгжиж эхлэх юм.Оюутолгой анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гадаад
зах зээлд гаргана. Төмөр зам, үйлдвэрлэл хөгжүүлэх зардал болох
“Чингис” бондын хөрөнгө ороод ирчихсэн. Шинэчлэлийн Засгийн газрын
өөрийн гараар боловсруулж батлуулсан анхны жилийн төсөв ийнхүү
“эргэлтэд” орох гэж байна.

Билгийн тооллоор ирэх хоёрдугаар
сарын 10-нд харагчин усан могой жил айлчлан ирнэ. Хур бороо сайтай, үр
тариа, ургац арвин, мал сүрэг өсөх нигууртай гэж зурхайн зурлагад
буужээ. Дээдэс өрсөлдөөнтэй, жирийн иргэд тайван гэсэн нь Ерөнхийлөгчийн
сонгуулийг хэлсэн биз ээ.

Бас Монголоос хулгайлагдсан
Триннозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор эх нутагтаа “таван дүү”-гийн
хамт ирэхээр боллоо. Хэдийгээр Триннозавр Батаар бусдаасаа ясны
бүтцээрээ багад орох ч анхлан нэр нь дуурсч бусад олдворыг илрүүлэхэд
“гүүр” болсноороо “ах” юм уу, “эгч” нь болох биз ээ.

Өнгөрсөн
2012 оных шиг дэлхийн сүйрэл, элдэв гай түйтгэрийн талаар ам алдах
мэргэч төлгөч хараахан гараагүй байна. Харин ч Маяачуудын нэгэн эриний
тоолол төгсч дараагийн 5000 гаруй жил үргэлжлэх шинэ эрин эхэлсэн хэмээн
үзэж буй. Үүнийг монголчууд ч үлгэр домогтоо зөгнөн хэлж байсан бөгөөд
“Бумбын эрин” хэмээн нэрийддэг. Энэ эринд шилжсэнээр биеийн хар хүч
давамгайлсан үе ард хоцорч оюун ухаан дийлсэн эрин эхэлнэ хэмээн мэргэд
хэлжээ.

Иймэрхүү дүр төрхтэй 2013 он бидний амьдралд айлчлан ирж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж