“Нууцыг задруулсан” захидал

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

“Нууцыг задруулсан” захидал

Өнгөрөгч оны сүүлээр мэдээллийн “NEWS” агентлаг, “NEWS” продакшны бэлтгэн хүргэдэг “Сэдэв 360” нэвтрүүлгээс 2012 оны “шилдгүүд”-ийг нэрлэсэн билээ. Ингэхдээ жил жилийн шинэ жилээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн байгууллагуудаас шалгаруулдаг оны шилдэг болон онцлох үйл явдлуудыг бодвол арай өөр өнцгөөс харж, өөр номинациудаар шалгаруулсныг уншигчид санаж байгаа нь лав. Тухайлбал “Оны баавар” номинацид ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг зодож, шанааных нь ясыг цуулсан улсын харцага Г.Намсрайжав, сонгуулийн өдөр сэтгүүлчээ зодсон Хөвсгөл амгийн “Sky” телевизийн захирал Б.Ганзориг, эксел машины жолоочийг зодсон жийптэй залуу зэрэг нөхөд өрсөлдсөн бол “Оны хэлмэгдүүлэлт” номинацид МҮОНТВ-ийн захирал М.Наранбаатар нарын цөөнгүй хүнийг зодсон Д.Дагвадорж аварга /эцэст нь энэ мэдээллийг түгээсэн сэтгүүлчид буруудсан/, машиныхаа улсын дугаарыг сольж байгаад замын камерт бичигдсэн жүжигчин Аглуу /дараа нь эгчийнхээ шинэ авсан машины дугаарыг хийж байгаад хэлмэгдсэн болж таарсан/ нар нэр дэвшин өрсөлдсөн билээ.

Харин “Оны захидал” номинацид АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамад “Манай намын даргыг улс төрийн хэлмэгдүүлэлтээс аварч өгнө үү” хэмээн захидал бичсан МАХН-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Манай намыг УИХ-д бүлэгтэй болгосонгүй” хэмээн Соц Интернийн нарийн бичгийн дарга Луис Аяалад гомдол гаргасан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын захидал, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн Английн парламентын Нийтийн танхимын гишүүн Андрю Розинделл гэгчид илгээсэн “нөхрийг нь шоронгийн камерт шалдлан гүйлгэж доромжилсон” гэх захидлуудтай Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд илгээсэн нэргүй захидал өрсөлдсөн боловч “буцах хаяггүй” гэдэг шалтгаанаар өрсөлдөөнөөс хасагдсан билээ. Гэвч энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа уг захидлын холбогдогч олдсон тухай цагдаагийнхан мэдээлжээ.

“УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд” хэмээн Төрийн ордны шуудангаар илгээсэн уг захидалд “Тэмүүжин новш оо. Чамайг юу хийж, хэнтэй уулзаж, хогийн амьтдаар өөрийгөө тойруулан буруу мэдээлэл авч далдганаж байгааг алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа шүү. Тэд чамайг хамгаалж чадахгүй. Тэдний тэнэгтэж, яахаа мэдэхгүй мангартаж байх хооронд бид урьтана. Чиний амьдралыг там болгоно, ах дүү, гэр бүлийн хүмүүсийг чинь толгой дараалан. Энэ бол айлган сүрдүүлэлт биш. Эр хүний хувьд, ганц олдох амьдралаа чамаар тоглуулсныхаа хувьд авч буй өшөө авалт. Чи их өндрөөс унах болно, тэнэг үйлдэл болгоны чинь шанг хүртээнэ. Бид андгайлсан, ээлж ээлжээр, хамгийн шилдэг аргаар гүйцэтгэнэ. Цагийн зүү явж байгаа шүү, далдганасан новш минь. Бид олуулаа, чи ядуу, найз нөхөдгүй. Бидэнд мэдээлэл байна аа. Машинаар явж байгаад л аваар, хоол идээд л хордлого, яг хажууд чинь цаг хараад л алхаж байгаа…” гэх зэргээр бичсэн байсан билээ.

Захидлыг компьютерт шивж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь” гэдэг үгийг харин дугтуйн дээр нь гараар дармалдан бичсэн зургийг Хууль зүйн сайд твиттертээ байрлуулснаар заналхийлсэн захидал олон нийтэд ил болсон билээ. Үүний дараахан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа сайд уг захидлын тухай “Цагдаад хийж бий өөрчлөлт, ажлаасаа халагдсан цагдаагийн дарга нартай холбоотой байх гэж бодож байна. Гаднаас нь харахад эрүүл хүний бичсэн зүйл биш юм шиг атлаа анхааралтай ажиглах юм бол гүйцэтгэх ажлын туршлагатай хүн зориуд халхавч байдлаар ингэж алдаа мадагтай бичсэн юм шиг санагдсан” гэдгээ ил тодоор хэлсэн билээ.

Сайдын энэ таамаглал зарим нэг талаар батлагдаж, захидал бичсэн этгээд хэргээ хүлээсэн талаар өнгөрөгч долоо хоногт цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Энэ хэргийг харьяаллын дагуу УМБГ-аас шалгасан бөгөөд хоёр сарын дараа Төрийн ордонд ажилладаг нэгэн эмэгтэй захидлыг өөрийн компьютерт шивсэн байна гэдгийг мэдээлсэн билээ. Харин өнгөрөгч долоо хоногт уг эмэгтэй хэргээ хүлээсэн бөгөөд ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал Ц.Ганхүүгийн эхнэр байсан байна. Тэр ч байтугай тэдний хүү ч бас Эрүүгйн цагдаад нэлээд өндөр албан тушаал хашиж байсан аж. Харамсалтай нь, энэ хоёр хүн хоёулаа Хууль зүйн шинэ сайдыг ажлаа авсны дараа ажлаа өгсөн буюу ажлаасаа халагдсан байна. Тэгэхээр Х.Тэмүүжин сайдын хардаад байсан “Энэ захидлыг цагдаагийн нэлээд дээгүүр алба хашиж байсан хүн илгээсэн байх” гэдэг хардлага батлагджээ. Харин яагаад халагдсан болон ажлаа өгсөн талаар тодруулах гэх нь илүүц биз. Мэдээж хууль зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл болон албан тушаалаа ашиглаж “хөрөнгөжсөн” хурандаа нартай хийсэн тэмцэлтэй холбоотой байлгүй.

Тэгээд ч уг захидлыг хүлээж авсныхаа дараа Хууль зүйн сайд “Надтай ингэж харьцаж байгаа хүмүүс жирийн иргэдтэй яаж харилцаж, хэний эрх ашгийг хамгаалж ирсэн нь тодорхой шүү дээ. Харин ч энэ хүмүүсийг цагдаагаас цэвэрлэсэн нь зөв байжээ гэдгийг би эндээс харлаа” хэмээн ярьсан билээ. 

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж