
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг бүх төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Гэмтэж бэртлээ гэхэд зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг. Эхчүүд төрөх боллоо гэхэд зөвхөн төрөх эмнэлгүүдээр үйлчлүүлэх хэрэгтэй болдог. Энэ нь эргээд төвлөрлийг бий болгож, үйлчилгээний чанарт нөлөөлж байгаа учраас Улаанбаатар хот дахь дүүргийн нэгдсэн эмнэлгүүд бүх төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байх талаас хууль эрх зүйн зохицуулалтыг зохицуулах шаардлагатай байна” гэсэн юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдаан 13.00 цагт завсарлах ёстой байсан ч, цаг сунган үргэлжлүүлж байна. Ингэхдээ дээрх төслийг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд гишүүдээс гаргасан саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгаж байгаа юм.
Г.Дарь