Ким Чен Ун телевизээр мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун телевизээр мэндчилгээ дэвшүүлэв

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун шинэ оныг угтан, телевизээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ нь 19 жилийн хугацаанд Хойд Солонгосын удирдагч телевизээр мэндчилгээ дэвшүүлж буй анхны тохиолдол болсон байна.

Ким Чен Ун баярын мэндчилгээндээ “Ирж буй 2013 он бол шинэчлэл, өөрчлөлтийн жил байх болно” хэмээгээд, цаашид иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэн, хоёр Солонгосын хоорондох зөрчил мөргөлдөөнийг арилгах  асуудалд анхаарлаа хандуулах тухай мэдэгджээ. Мөн тэрээр цэрэг, армийн хүчээ хүчирхэг хэвээр хадгалахаа мэндчилгээндээ дурьдсан байна.

Умард Солонгосын удирдагч Ким Чен Унын энэхүү баярын мэндчилгээ тус улсын гурван гол сонин дээр хэвлэгджээ. Ким Чен Унаас өмнө 1994 онд түүний өвөө Ким Ир Сен телевиз, радиогоор дамжуулан ард түмэндээ хандан баярын мэндчилгээ хүргэж байсан байна. Харин залуу удирдагч  Ким Чен Унын эцэг Ким Чен Ир ард түмэндээ хандан үг хэлэх нь тун ховор байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж