“Алтан сарнай”-н эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

“Алтан сарнай”-н эзэд тодорлоо

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг “Алтан сарнай-2012” оны тэргүүн наадам өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд болж, улиран одсон 2012 оны салбар салбарын шилдгүүд тодорлоо.
 
“Шинэ жил, шинэ өнгө” уриан дор зохион байгуулсан “Алтан Сарнай” 11 дэх удаагийн наадам уламжлал ёсоор соёл урлаг, спорт, шинжлэх ухаан техник, хүмүүнлэг, бизнес, нийгэм улс төр, дэлхийн Монгол хүн гэсэн долоон номинацид шилдгүүдээ тодруулав.

“Алтан сарнай” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Шинжлэх ухаан, техникийн салбар – Ч.Лодойравсал /Дэлхийд ховорт тооцогдох чиглэлээр 28 насандаа Герман улсад докторын зэрэг хамгаалсан, МҮОНТ-ийн
“Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг санаачлагч, МУИС-ийн МТС-ийн захирал/
Соёл урлагийн салбар – Б.Амархүү /”Премьер Министр” хамтлагийн ахлагч/

Спортын салбар – Х.Хатанбаатар /Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, тэргүүн, Дэлхийн оюун ухааны олимпийн хошой аварга, түргэн бодолт, цээж бодолт гээд оюун ухааны спортын төрлүүдээр дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон/

Энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн салбар
– Б.Сүхболд /БШУЯ-ны албаны дарга, “Ногоон Улаанбаатар” төслийг санаачилж, “Цэвэр агаар” төсөлд залуусыг уриалсан/

Эдийн засаг, бизнесийн салбар – Ш.Баярсайхан /12 охин компанитай, 4300 гаруй ажилтантай “Номин Холдинг” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан. Тус компани өнгөрсөн 2012 онд 46,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 гаруй ажлын байр шинээр бий болгож, улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлсөн/

Дэлхийн монгол хүн – Ө.Батбаяр /Дэлхийн 160 гаруй орны залуусыг нэгтсэн JCI байгууллагын ерөнхий санхүүч, 2010 онд тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон, 2012 онд дэлхийн залуу удирдагчдын бодлого тодорхойлогч дөрвөн эрхмийн нэгээр сонгогдсон/

Нийгэм, улс төрийн салбар
– Д.Оюунхорол /Жендерийн тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангахад чиглэсэн долоон хуулийн төсөл санаачилсан/

Өчигдөр болсон “Алтан сарнай” наадмын үеэр мөн МАН-ын дарга Ө.Энхтүвшин СХД-ийн МАН-ын хорооны дарга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар, Энхтайвны гүүрэн дээр гарсан ослын үеэр иргэний үүргээ биелүүлж, хоёр хүний амь аварсан, “Vision” студийн захирал Д.Одбаяр, БГД-ын X хорооны Засаг дарга н.Цэцэгмаа нарын гурван хүнийг “Нийгмийн ардчилал” цомоор шагнасан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж