Ц.Оюунбаатар: Би нам дамждаггүй

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар: Би нам дамждаггүй

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Оюунбаатар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөж, 74 дэх гишүүн болоод байна. Тангаргаа өргөсөн даруйд нь түүнтэй ярилцлаа.


-Та таван сар хүлээсний эцэст УИХ дахь “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүн болж, тангараг өргөлөө. Тангараг өргөхгүй удаад байсны шалтгаан юу байсан юм бэ?

-Өнөөдөр 2012 оны ажлын сүүлийн өдөр болж байна. Тангараг өргөх асуудлыг би хувийн санаачлагаараа хойшлуулсан. Энэ бол мэдээж улстөрийн шалтгаантай байсан. Мөн МАХН-ын даргыг хэлмэгдүүлж байгаа нь хууль бус гэж үзэн мэргэжлийн хуульчийн хувьд шүүмжилж байгаа. Миний энэ шүүмжлэл нэг талаараа олон иргэдийн байр суурийг илэрхийлэл юм. Би бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс ” эвслийн бүлгийн гишүүн. Тийм учраас хүний эрх, шударга ёсыг сахих чиглэлээр эрч хүчтэй ажиллах ёстой.  Энэ чиглэлээр бодож боловсруулсан ажлууд бий.

-Та УИХ-ын гишүүний тангараг өргөх нь гэдэг мэдээллийг анх хэзээ авсан бэ, УИХ-ын Тамгын газрынхнаас?

-УИХ-ын Тамгын газраас надтай байнга холбогдож байсан.

-Таныг УИХ-ын гишүүний тангараг өргөснийхаа дараа Д.Арвин гишүүн шиг Ардчилсан намд элсэнэ гэсэн мэдээллийг хэвлэлүүд цацах болсон. Та намаа солих уу? 

-Тийм гүтгэлгийн чанартай, хуурамч мэдээллийг бүх л хэвлэлээр цацсан. Гэхдээ би 1985 онд МАХН-д элссэн. Өөр аль нэг намын батлах авсангүй, би батлах цуглуулдаггүй, нам дамждаггүй. Ер нь МАХН-даа байна. Тэгэхдээ шударга ёс хүний эрхийн төлөө төр, улстөрийн хүчнүүдээс хэрэгжүүлж байгаа шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. Монгол Улсын 2.7 сая иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан хүний эрхийн түгээмэл тунхаглал хүний эрхийг хангах шаардлагыг ханган биелүүлэхийн төлөө ажиллана. Монгол хүн хууль хяналтын байгууллагын алдаанаас болж хохирч хэлмэгдэж, эрх чөлөөгөө хязгаарлуулж хохирч болохгүй. Монгол хүн эрүүл орчинд жаргалтай, элбэг хангалуун амьдрах ёстой. Газар түүний баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтын дагуу энэ баялгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Ийм ч учраас газрын баялгийг монголчууддаа тэгш хуваарилах, хувьцаа олгох асуудлуудыг түлхүү анхаарч ажиллана.

-Хүний эрх, эрх чөлөөг хангаж, зөрчүүлэхгүй байх талаас ажиллана гэж та сая хэллээ. МАХН-ын даргад Улсын дээд шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн ангийн субьект бол Н.Энхбаяр дарга биш. Энэ хүн бол Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн болохоос эд хөрөнгө хариуцдаг хүн биш учраас Эрүүгийн хуулийн зүйл заалтаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчсөн гэдэг байр суурийг Монголын хараат бус хүний эрхийн хуульчид хэлж байгаа. Тухайлбал, би 1983 оноос хойш энэ чиглэлээр ажилласан. Ийм байр суурьтай байгаа. Одоо ч энэ байр суурь дээрээ хатуу байгаа. Улсын Дээд шүүх Монгол Улсын хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шударгаар хянаж үзэх ёстой.

-Та тэгвэл УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаагаа Н.Энхбаяр даргад хэлсэн үү?

-Хэлсэн, намынхаа нөхдүүдтэй ч ярьсан.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж