МШТХ-ны ээлжит чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.16-нд нийтлэгдсэн

МШТХ-ны ээлжит чуулган боллоо

Монголын Ширээний теннисний холбооны ээлжит чуулган өчигдөр (12.15) боллоо. Тус чуулганд Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Гоьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Налайх зэрэг орон нутаг болон Улаанбаатар хотын нийт 27 клубын төлөөлөгчид оролцсон байна.

Чуулганаар 2009-2012 онд хийсэн ажлын тайланг танилцууллаа. Мөн 2013-2016 онд ажиллах удирдах зөвлөлийг сонгожээ.

2013-2016 онд Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгчөөр О.Чулуунбат дахин сонгогдож, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Чулуунбаатар (МОННИС) томилогджээ. Шинээр дэд ерөнхийлөгчөөр таван орон тоон дээр А.Мэндбаяр (АПУ-ХК-ний төслийн газрын захирал), Л.Болор-Эрдэнэ (Эрдэнэт Үйлдвэр ХК-ний хуулийн хэлтэсийн орлогч дарга), Л.Даваасүрэн (“ӨЕГ” ХХК-ний ерөнхий захирал) нарыг тус тус сонгосон бөгөөд ирэх оны нэгдүгээр сард болон удирдах зөвлөлийн хурлаар шинээр хоёр дэд ерөнхийлөгчийг сонгохоор болсон байна.

Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Амарсанаа (Talk Talk English), тэргүүлэгчээр Ц.Энхбат (ETV захирал), Ц.Ганутлга (Төмөрт Транс ХХК), н.Галсанбуян (ҮХААЯам) тус тус томилов.

Чуулганы дараа МШТХ-ны ЕНБ дарга Ч.Амарсанаа хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан чөлөөт ярилцлага хийжээ.

Монголын ширээний теннисний холбоо энэ онд дотоодод 14 тэмцээн, уралдаан зохион байгуулжээ. Мөн энэ жил Германы Дортмунд хотноо болсон багийн ДАШТ-нд эрэгтэй баг, эмэгтэй баг оролцож, эрэгтэй баг “Е” хэсэгт 28 багтай өрсөлдсөнөөс найман хожилтойгоор алтан медаль хүртсэн амжилт нь ширээний теннисний түүхэн дэх гараагүй том амжилт. Мөн Сахад болсон Азийн хүүхдийн тавдугаар их наадмын ширээний теннисний төрөлд гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж 11 улс оролцсон тус тэмцээнээс багаараа нэгдүгээр байр эзэлжээ. Мөн Монголын бүх ард түмний спартикадад шинэ аваргууд төрж, улмаар Баянхонгор аймгаас оролцсон спортын мастер Б.Эрдэнэсувд түрүүлсэн нь оны онцлох тамирчин болж байгаа аж.

2009 оны “Бөртэ чоно” наадмын шилдэг холбоогоор шалгарч, 2010 оны тус наадмын шилдэг шүүгчийн номинацид олон улсын шүүгч Э.Мөнхбилэг шалгарч байсан тус холбоо энэ жилийн наадмаас нэрээ татаж авсан байна. Учир нь энэ жил олимп болон олон уралдаан тэмцээнүүдэд түүхэн амжилт олон гарсан тул өрсөлдөх учиргүй хэмээн үзэж байгаа аж.

Тус холбоог ирэх онд улсын аварга шалгаруулах гурван (ахмадын, насанд хүрэгчид, өсвөр) том тэмцээн хүлээж байна.

Мөн ирэх оны тавдугаар сард Францын Парис хотноо ширээний теннисний ганцаарчилсан төрлийн ДАШТ болох тул одоо болж буй лигийн тоглолт болон ирэх оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс тамирчдыг сонгох ажээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж