“Энх цагийн Баатар”-ийн багш

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

“Энх цагийн Баатар”-ийн багш

Оршилд өгүүлэх нь

Олимпийн хүрэл медальт, МУГТ Р.Даваадалай гуай “-Олимпийн медаль гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл боловч хүссэн бүхэн аваад байдаггүй юм. Энэ том наадмаас медаль авсан хүн бол үндсэндээ энх цагийн баатар шүү дээ”/ТЦ 2006.08.30 № 68 /583/ гэж гайхалтай онож хэлсэн. Афины олимпоос хүрэл медаль хүртэж энх цагийн отгон баатраар тодорсон МУ-ын гавъяат тамирчин Х.Цагаанбаатарын анхны багш Н.Батлавын ялгуулсан спортын амжилт, алдарын замналаас уншигчиддаа толилуулъя.

Бага нас хийгээд сурагч Н.Батлав

Шимт хөрсөнд нь вансэмбэрүү, алтан хундага, алтан гагнуур, эрээн гомбо, сүльхэр, хонин зээргэнэ төлжин ургасан, хад асганд нь аргаль, янгир, суусар, ирвэс эвхрэн дүүлсэн.тэнэгэр сайхан нуруунд нь бөхөн, хар сүүлт багширан бэлчсэн, уудам хөх тэнгэрт хойлог шувуу дураар зугаацсан Гоо хайрхан, Жинст хайрхан, Бумбат хайрхан, Жаргалант хайрхан, Хөх Өндөр, Их Цахиур гээд үзэсгэлэн төгөлдөр өндөр уулстай, Зэрэгийн тал, Өөшийн талд нь хүүхдийн гийнгоо цангинаж хүлэг морин уралдсан, хүчит бөхчүүд дэвсэн, Захчин ястан заяагаар эзэн суусан Ховд аймгийн Манхан сумын нутаг Тахилтийн завсар хэмээх газар 1959.05.26-нд нэгэн хөвүүн эхээс мэндэлсэн нь Намсрайн Батлав байлаа.

Намсрай гуайнх таван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Батлав дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй айлын гурав дахь хүүхэд юм. Балчирхан Батлав малчин аав, саалчин ээжийнхээ энэрэл хайранд эрүүл чийрэг өсөж торнин тусад орж даль жигүүр урган 1968 онд Манхан сумынхаа 8-н жилийн дунд сургуулийн босго алхаж у/з Д.Мягмарын гэргий Д.Хандаа багшийнхаа номын дууг сонсчээ. Эрдэм түгээгч Ойлоо, Хандаа хоёр багш нь хичээлээ ээлжлэн заадаг байсан байнам. Хөдөө нутгийнхаа цэнгэг саруулхан агаарыг цээж дүүрэн залгилаж монгол эрчүүдийн жишгээр хонины бэлчээрт үеийнхэнтэйгээ дээлийнхээ сугыг ханзартал ноцолдож өссөн Батлав сургуулийнхаа спартикиадаар урт, өндрийн харайлтанд түрүүлсэн шиг явдаг тамирчин сурагч байж.

Нэг өдөр Улаанбаатар төмөр замын “Замчин” нийгэмлэгийн даргаар ажиллаж байгаад ирсэн, волейболийн гайхамшгийг заагч Даахүү багш нь аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд оролцоод ир гэж зөвлөж. Багшийнхаа зөвлөсний дагуу анх 11 сарын 20-доор нүүрс ачсан чиргүүлтэй машины тэвшин дээр суун Ховд хотын зүг хүлгийн жолоо залж 87 км замыг туулан очиж барилдаад 4-р байрт шалгарч бөхийнхөө гарааг амжилттай эхэлсэн байдаг. Ховд аймагт у/а П.Дагвасүрэн 1973 онд бөхийн сурталчилгаагаар явж байхыг хараад ийм сайхан бөх болох сон гэх хүсэл мөрөөдөл оргилсон гэдэг, Басхүү Пионер сурагчдын 4-р спартикадад А.Энхээ /МУГТ/ , ОУХМ Тайван нарын зэрэг ирээдүйн мундаг бөхчүүдтэй ижилхэн мөр зэрэгцэн барилдаж асан нь бөхийн замд орсон бага насны нандин дурсамж болон алслан одсон ч балран арилшгүй хэвээрээ дурайж байна.

Оюутан ба тамирчин Н.Батлав

Сурагч Н.Батлав Баян Манханы 8-н жилийн сургуулиа 1976 онд төгсөж Дарханы Политехникумын уулын цахилгаан механикийн ангид элсэн суралцсан. Цана, үндэсний бөхийн тэмцээн зохион явуулдаг а/з Ц.Бямбаа, бөхийн бэлтгэл хийлгэж чаддаг Оюунчимэг гэж олон төрлийн авъяастай багш нар дээрээ байж байгаад Д.Наранцогт, Нацагдорж, Биндэръяа, Баярсайхан, Баттүвшин гээд анд нөхдийнхөө туслалцаатайгаар спортын төв ордны бөхийн секцэнд орж дэлхийн аварга, МУГТ М.Пунцаг багшийнхаа шавь болж бөхийн жинхэнэ алхмаа хийн өдий зэрэгт хүрсэн. Анх бөхийн секцэнд ороход М.Пунцаг багш нь дэлхийн авара болчихсон гялалзаж явсан байна. Дэлхийн аварга бөх их л том байдаг байх даа гэж бодсон чинь дунд зэргийн нуруутай хүн байж.

Мөнхийн Пунцаг хэмээх мөнхөд дурсагдах гаъяатан, шавь нартаа “…гуталаа тослуулж бай, үсээ сайхан самнауулж бай, хөл толгой хоёроо аваад явсан хүн биеэ аваад явж чаддаг юм. Дэвжээнд барилдах гэж гарсан л бол бүх хүчээ шавхаж бай. Хичнээн зовж ядрах бол өвчин биш. Зовсны эцэст ялалт байгуулдаг…” хэмээн сэтгэл хөдлөм сургаал үгээ хэлж бэлтгэл хийлгэдэг байжээ.Н.Батлав үдээс өмнө хичээлдээ явна. Үдээс хойш бэлтгэлээ хийнэ. Тэмцээн уралдаанд яваад хичээлээс чөлөлөгдөнө. Хичээлээ ч уйгагүй давтана. Ангийнхан нь туслана. Заримдаа ангидаа ширээгээ зайчилчихаад, өдгөө Багануурт ажиллаж амьдарч буй а/а Буянтогтох болон бусад нөхдтэйгээ барилдаж гарна. Тэднийхээ ач буянаар бүсийн тэмцээнээс гарч нутаг орон руугаа тэмцээн уралдаанд явна. Тэгж мятаршгүй хөдөлмөрлөснийхээ үр дүнд 16 настайдаа Монгол телевизийн нэрэмжит самбо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж , аав ээждээ медалиа зүүж зургаа авхуулаад илгээжээ.

Багийхан нь ах нар хүзүүнээсээ медалиа салгахгүй зүүхээр өшөө олон медаль авдаг гэж цаашлуулах. Анх Дарханы багийнхантайгаа 1979 онд Улаан-Үдэд тэмцээнд оролцож хилийн дээс алхжээ. улсын шигшээ багт арав шахам жил байсан Н.Батлавыг эвгүй барилдаантай бөх явсыг батлах баримт бол 1980 онд жүдо бөхийн залуучуудын УАШТ-нд түрүүлснийхээ дараахан нь үнэмлэхүй жинд барилдаж өөрөөсөө 20 гаруй кг жинтэй бөх ОУХМ, у/н С.Эрхэмбаярыг төвөггүй дийлсэн барилдаан юм.

Аварга Н.Батлав

Аваргаа таньдаггүй, дээдэлдэггүй ард түмэн хаана ч байдагүй биз ээ. Тэр ч утгаараа Н.Батлав багшийг бөхийн самбо барилдааны залуучуудын дэлхийн аварга гэдгийг андахгүй мэддэг спортын хорхойтон үй олоон. Идэрхэн залуу насандаа бөхийнхээ дэвжээнээ аваргалж явсан алтан үеийнх нь түүхээс сөхвөл: 1982 оны насанд хүрэгчдийн УАШТ-нд торолгүй түрүүлжээ. Мөн аваргын алт зүүсэн Доёдын Бадрах/ 1990 оны 8-р сард МНТ-ны 750 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн/ хоёул залуучуудын тэмцээнд орох ьас байсан учир Францын Париж хотноо зохиогдсон ДАШТ-нд эх орон юугаа төлөөлөж 65кг-ийн жинд уран мэх ухаан самбааг уралдуулжээ. Үндсэндээ улсын аваргын дэвжээнд ах нартай барилдаж залуучуудын тэмцээнд орох эрхээ өвөртөлсөн хэрэг л дээ.

Орон орны оргил тамирчид ширүүхэн өрсөлдсөн тэмцээний эхний тойрогтоо Унгарын бөх Яанучтай барилдаж давсан. Хоёрдугаар тойрогт Италийн бөхтэй оноолт таарсан.Тэр жил Италийн хөлбөмбөгчид дэлхийн аваргын алдар хүртээд байсан болохоор “Одоо ч бид бас аварга болох ёстой” гэцгээн Итальчууд тамирчин залуугаа зоригжуулж.”Би ч бас ардаа эх орон, аав ээжтэй хүн чамтай үзэх болно оо …” гэсэн бодолтой гарч барилдаад яггүй сүрхий өрсөлдөгчөө дийлсэн. Гуравдугаар тойрогт Испаний бөхийг амархан сөхрүүлээд аваргын титмийн төлөө Зөвлөлт Холбоот улсын /хуучин нэрээр/ бөх Ишиваяевтай хүч үзсэн. Ишивайтай барилдахад хүнд байсан нь мэдээж. Яагаад гэвэл самбо бөхийн хүчирхэг орон ЗХУ-ын арван бөх арван жинд зодоглсноос ес нь дэлхийн аварга болчихоод байв. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр Ишиваяев дэлхийн аварга заавал болох ёстой бичигдээгүй хууль үйлчилсэн нь ойлгомжтой.

Гэвч манай бөх учраагаа 7:2 харьцаатайгаар буулган авч дэлхийн аварга болсон түүхтэй. Яах ч аргагүй мөнгө дээр буусан Ишиваяев хожим 82 кг-ийн жинд барилддаг болсон лут бөх л дөө. Багш нь үнсэж, амь нэгт багийн нөхөд, бусад хүмүүс баяр хүргэсэн аз жаргалтай агшинд ” Би үнэн аварга болсон болов уу, худалаа аварга болсон болов уу…” гэж хөөрөн догдолж өөртөө хэсэг үл итгэсэн ч медалиа бушуухан зүүхсэн.аав ээж, эх орондоо хурдхан харихсан хэмээн яаран тэмүүлжжихүй. Тэгж алтан соёмбот далбаа Эфильийн цамхгаас ч хавьгүй өндөрт алгуурхан дээш намиран мандаж төрийн дуулал сүрлэг уянгатай эгшиглэн цуурайтсан нь бахархалтайяа даа.

Заан Н.Батлав

Шаварт шигдсэн ингэн тэмээг суга татсан хүчтэн, аймгийн баяр наадамд 10 түрүүлсэн ахин давтагдаагүй байгаа амжилтын эзэн, алдарт арслан Б.Ичинхорлоогийн нутгийн хүү тэрвээр 1984 онд Дархан хотын аварга шалгаруулах үндэсний бөхийн тойргийн барилдаанд 31 бөхөөс 27 давж аймгийн заан цол хүртсэн удаатай, Бас улсын их баяр наадмаар Дархандаа шөвгийн дөрөвт үлдэж шөвгөрсөн бөх. Намайг 8-р ангийн сурагч ахуйд 2001 онд АХ-ын түүхэн яруу алдарт 80-н жилийн ойн их баяр цэнгэл наадамд 1024 хүчтэн зодоглоход Н.Батлав заан төрийн есөн хөлт цагаан тугаа хоёр тойрсон юмдаг. 8-р ангиа төгссөн жилээ Улаанбаатар хотод Ж.Мөнхбат, Х.Баянмөнх дархан аваргуудыг холоос харж биширч явсан Н.Батлав заан, тухайн үед үндэсний бөхийн УАШТ-нд барилддаг байхдаа өрсөлдөгч багын тамирчдийн гарыг багынхаа тамирчдад цуцааж өгөх зорилготой барилддаг байсан.

Намайг зуурдаг шар, хэрүүлч шар гэцгээх Хэрүүлч шар гэдэг нь, би учраатайгаа удна. Тэгээд засуулууд хөлийн цэц дээр очоод за энэ хоёр удлаа яах вэ гэнэ. Нэг бол золгуулна. Ер нь үүнээс л үүдэлтэй. Нөхөд маань барилдаад ядарсан бөхтэй барилдаад амархан давах тохиолдол олон байсан л даа. Дорноговь, Хэнтий, Төв аймгийн бүсийн тэмцээнүүдэд барилдаж байлаа. Бие жижигтэй учраас сайхан амжилт гаргаж чадаагүй. Гагцхүү хүний мэхний алдаан дээр хаях нөхцөл бүрдүүлдэг, жаахан мэдэрч барилддаг хүүхэд байсан даа хэмээн даруухан хуучилдаг юм даа.

Багш, дасгалжуулагч Н.Батлав

Оюутан ахуй цагаа өнгөрөөсөн Дархан хотын Политехникумын сургуульдаа 1983-1990 оны хооронд биеийн тамирийн багшаар ажилласан. дасгалжуулагчийн хялбаргүй албанд 1990-1999 онд хүчин зүтгэж олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ Н.Баатарболд, армийн дэлхийн аварга Нямлхагва, а/а Б.Сүхбаатар, Батбаяр, ОУХМ Мөнхэрдэнэ Мөнхтулга нарын олон арван шилдэг тамирчин төрүүлсэн Н.Батлав багшид, дасгалжуулагч хүн ямар байх естой вэ? спортоор анхлан хичээллэгч өсвөр залуучуудад юу хэлэх вэ?, үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд бөхийн өөр төрлөөр амжилт гаргах болоцоотой юу? гэсэн гурван асуулт зэрэг тавьж хариултыг дор сийрүүлбэл: ер нь дасгалжуулагч хүн шавь нараа 1-рт бусадтай өрсөлдөх чадврыг бий болгосон байна гэдэг маань сэтгэлзүйгээр бэлтгэсэн, бие сэтгэхүйн хувьд бэлтгэлтэй, биеийн хөгжил, техник тактиктийг бэлтгэсэн ийм сайн тамирчинтай байж медальд хүргэнэ.

Дасгалжуулагчийн гол үүрэг тамирчинаа медальд хүргэх. Угаасаа тэгж ажилладаг. Тамирчин нь медаль авна гэдэг тэр дасгалжуулагчийн амжилтын үзүүлэлт. Зарим дасгалжуулагчид цагийг сайн барьдаггүй. Тамирчдын бэлтгэлийг цагт нь хийлгээд бусад үед амраах хэрэгтэй. Өөрөө байнга юм уншиж тархиа цэнэглэх шаардалгатай. Дасгалжуулагчийн цагтай биш амжилттай зууралдах ёстой гэж боддог л доо. Шинээр спортоор хичээллэч хүүхэд багчуудад хандаж хэлэхэд нэг спортоор оролдоод эхэлсэн л бол наад зах нь монгол улсын спортын мастер цолыг авах хүртлээ явах хэрэгтэй. Хүн бүр өөр өөрийн авъяастай. Авъяасгүй хүн гэж байдаггүй. Нэг хувийн авъяас, ерэн есөн хувийн хөдөлмөр гэж байдаг. Зураач хүн зурах авъяастай байдаг шиг тамирчин бүхэн гүйх юм уу, барилдах, штанг өргөх мэтийн авъастай. Тэр авъяасаа нэгтгээд цааш нь дэлгэрүүлж хөдөлмөрлөх ёстой юм. Би шавь нартаа хэлдэг.

Та нар спортоор хичээллээд эхэлсэн л бол доодтал нь монгол улсын спортын мастерын болзол биелүүл. Спортын мастер гэдэг, энэ хүн ийм хэмжээнд хүрнэ гэсэн ухаантай хүмүүс тусгай үзүүллтээр боловсруулаад гаргаад ирсэн заавар байдаг. Тив, дэлхийн аварга болдоггүй юмаа гэхэд дор хаяж монгол улсынхаа спортын мастер цолонд хүрэх хэрэгтэй. Энэ бол та нарын эзэмшвэл зохих төгс мэргэжил юм. Нэг зүйлд зүтгэсэн бол тэр зүйлдээ хүрэхийн тулд бүх бололцоогоо дайчил гэж хэлэх байна. Үндэсний бөх бүх төрлийн барилдааны тулгуур болж өгдөг л дөө.Бусад оронд самбо, жүдо, чөлөөт бөх байж байна.Манайд үндэсний бөх хэмээх баялаг мэхтэй, гоё барьцтай спортын өвөрмөц төрөл байна. Тэд нар үндэсний бөхтэй адил барилдаанаар барилддаггүй учраас бид үндэсний бөхийнхөө барилдаанд тулгуурлаад самбо, жүдо дээрээ хавсрахад манай барилдааны онцлог илүү байх ёстой. Юугаараа илүү байх ёстой вэ гэвэл нөгөө үндэсний бөхийнхөө мэхийг нэмээд хсолуулчихаар бид ялагдахгүй байх бүрэн бололцоотой гэж ярьсан.

Дарга Н.Батлав

Дархан-Уул аймгийн БТСХ хийж бүтээн цогцлоосон ажил төрлөөрөө улсад 2000 онд нэгд, 2001 онд хоёрт, 2003 онд гуравт, 2004 онд тавд, 2005 онд нэгд тус тус шалгараад байгаа билээ. Айргийн таваас арагш ухардаггүй дархан амжилтаа Н.Батлав дарга , дор бүрнээ ажлаа маш сайн чадварлаг хийдэг дасгалжуулагчид, үйлчилгээний болон бусад ажилчид, дээр нь спортыг ойлгодог, тусалж, дэмжиж ажилладаг аймгийнхаа удирдлагуудтай холбон тайлбарлаж тэдний маань ач гавъяа гэж бахдан ярих дуртай. Дархан-Уул аймаг 21 спортын төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулах зорилготой 21 спортын холбоотой. Төрийн ба төрийн бус байгууллагын ажилчин албан хаагч, пүүс компаний захирал, бизнесмэнүүдээс спорт холбооныхоо удирдалгуудыг сонгож ажилуулдаг журамтай.

Сонгогдсон удирдлгаууд ажил хэргийн хуваарийнхаа дагуу өсвөр, залуучуудын, насанд хүрэгчдийн, ахмадын, түүхт ойн тэмцээн уралдааныг нөөц чадавхидаа тулгуурлан боломжийн түвшинд зохион байгуулж явуулдаг нь спортын байгууллагад улсаас төсөв бага хувиарладаг энэ ядмагхан цаг үед зөв гарц хайсан ухаалаг шийдэл гэлтэй. Ингэснээр 1-рт: аймгийн албан байгууллга бүр өөрсдийгөө сурталчилан нэрэмжит тэмцээнээ хийдэг болсон 2-рт: уралдаан тэмцээн тасрахгүй тогтмолжсон эерэг сайшаалт үйл хэрэгт Н.Батлав даргын санал санаачилга, гол оролцоо үлэмж бий. Хийж бүтээхээр зорьсон ажилд хийж бүтээсэн хүний орон зай , нөмөр нөөлөг үгүйллэгддэг хойно.Дарханаар овоглосон БТСХ 1990 оноос зогсонги байдалд орсон нийтийн биеийн тамир спортыг сэргээн хөгжүүлж, түүнээс шигшигдэн товойж гарч ирсэн хүмүүсийг их спортод эргэлт буцалтгүй оруулах, нэн ялангуяа эрдэнэт хүмүүний эрүүл энхийн төлөө санаа зоригоо нэгтгэж ажилладаг бөлгөө.Н.Батлав спорт хорооныхоо даргын амар хялбаргүй албыг 1999 оноос эдүгээг хүртэл нэр төртэй, цагаан мөртэй, идэвх зүтгэлтэй, туйлын үнэнч сэтгэлээр хашиж яваа, мэрийж яваа “бодгаль” буюу.

Төгсөөгүй төгсгөлд өгүүлэх нь

Н.Батлав даргын тэргүүлсэн Дархан-Уул аймгийн БТСХ-ны өсвөр залуу тамирчид тив, дэлхийн дэвжээнээс 30 гаруй медаль хүртээд байна. Тэдгээр тамирчдын уяа сойлгыг тааруулдаг сагсан бөмбөгийн Гүржав, волейболийн Уранчимэг, хөнгөн атлетикийн Батбаяр, хүнд атлетикийн ОУХМ Амараа, самбо, жүдогийн а/з Батбилэг, ОУХМ Төгсөө нарын дасгалжуулагчид манай улсын урдаа барьдаг дасгалжуулагчдын эгнээнд зүй ёсоор хүч түрэн орж ирээд байна. Аз од гийсэн залуу гавъяат, энх цагийн баатар, унаган шавь нь жил хагасын дараа Бээжингийн олимпд хүчтэний медалиа ихэрлүүлэх хаалга нээлттэй байна. Алс ирээдүйгээ тод харж өөдөргөөр төсөөллөж байгаа Н.Батлав багшийн яриаг нэмэлт хачиргүй уншигчиддаа толилуулж энэхүү дугаарынхаа бичлэгийг жаргаая гэж шийдлээ.

Тэрээр: Хөдөө орон нутгийн тамирчид насанд хүрэгчдийн тэмцээнд амжилт үзүүлэх хэцүү л дээ. Өндөр зэрэгтэй тамирчид хотод бөөгнөрсөн байна. Сайн дасгалжуулагчид ахуй амьдарлаа бодоод хөдөөгөөс яваад өгчихдөг болохоор бид хүүхэд залуучуудтай тулж ажиллахыг зорьдог. Арван нэгэн жилийн сургуулиа төгссөн залуу сайн тамирчдыг улсын шигшээ багт бэлдэн өгч, цаашид эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргах зорилготой. Би хүнд үргэлж сайхан сэтгэл санаж, манайх сайн явбал танайх сайн явна. Танайх сайн явбал манайх сайн явна гэсэн уриан дор явдаг хүн дээ. Миний найз нөхөд сайн явбал би өөрөө сайн явна. Намайг сайн явбал тэд сайн явна. Сайн санааны үзүүрт тос, санаа зөв бол заяа зөв гэж бидний өвөг дээдэс эртнээс сургаж ирсэн. Бүх хүмүүстээ хандаж хэлэхэд эрүүл чийрэг явахын тулд зөв сайхан сэтгэлтэй байх чухал шүү.

Биеийн тамир спорт гэдэг агуу сайхан зүйл. Спортын буянд хүмүүстэй танилцаж, хол явж газар үздэг. Монголын баг тамирчдаас ирээдүйд олимпийн аварга төрөх болтугай гэж ерөөе. Монгол улсад маань олимпийн аварга ойрхон байгаа. Яагаад гэвэл хүчний болон халз тулааны төрлийн спорт, бөх, бокс, байт харваагаар олимпоос медаль байнга хүртээд байх бүрэн боломжтой. Монголчууд мэргэн цэцэн хараа сайтай. Зүгээр байж байгаад байт сур харвахад гарамгай сайн харвадаг. Тийм сайхан мэргэн цэцэн, сайхан сэтгэлтэй хүүхдүүдээс олимпын аварга төрнө хэмээн бодож байна. Монголынхоо нийт баг тамирчид, ард түмэндээ эрүүл энх аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн бүхэн өөрийн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, Эх орноо гэсэн чин сэтгэлтэй явбал бидэнд хүрэхгүй газар үгүй. Бүгдээрээ сайхан сэтгэлтэй, санаа зөвтэй, зөв сайхан эерэг гаргаж, бодол санаагаа зөв төвлөрүүлж явахад үйлс бүтнэ ээ. Чингисийн удамт Монголчуудаас олимпын аварга удахгүй төрнө гэдэгт итгэж байна.

До.УУГАНБААТАР

Бөх /2006.11.01/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж