
ОУОХ-ноос санаачлан өнгөрсөн жил өсвөрийн анхдугаар зуны наадмыг Сингапурт зохион байгуулсан билээ. Харин өсвөрийн анхдугаар өвлийн наадам ирэх жил Австрийн Инсбурк хотноо болно. “Сингапур-2010” наадмын өмнө ОУОХ-ноос тус наадмын медалийн загвар гаргах олон улсын уралдаан зарлаж байсан бол энэ удаад ч мөн “Инсбрук-2012” өвлийн наадмын медалийн уралдааныг дэлхийн нийтэд зарлалаа. Өвлийн олимпийн онцлогийг тусгаж, уран бүтээлийн онгодоор жигүүрлэн зоригловоос та ч бас олимпийн түүхэнд нэрээ мөнхөлж, дээр нь нэлээд хэдэн “ногоон” халааслах боломжтой юм. Зөвхөн та төдийгүй Монгол Улсын нэр олимпийн түүхэнд үлдэх болно.
Уралдаанд оролцохыг хүсвэл www.medaldesigncompetition.com хаягаар орж, бүтээлээ илгээх боломжтой. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 10-ыг шалгаруулан ОУОХ-нд хүргүүлж, зуны адаг сарын сүүлчээр уралдааны ялагчийг тодруулах ажээ. Ялагчийг “Инсбрук-2012” өвлийн олимпийн наадмыг үзэх ховор завшаан хүлээж байна. Түүнчлэн олимпийн алтан медальтай адил хуулбарыг уралдааны ялагчид дурсгах гэнэ.
С.Цэлмэг