
УИХ-аас Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хуульд Аж ахуй нэгж татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авна гэж зааж өгчээ. Аж ахуй нэгж нь татварын тайлан гаргахдаа зөрчил, дутагдал гаргадаг, харин үүнийгээ засах үүднээс тэр тусмаа дараагийн жилдээ зөрчилгүй гарахын тулд энэ үйлчилгээг авах эрх нь бүрдэж байгаа аж. Мөн хуульд тусгасан хамгийн гол санаа нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэгч нь хуулийн этгээд байх аж. Бизнесийн орчин бохир байгаагийн нэг муу тал нь татварын орчин муу байгаатай холбоотой гэж тэд хэллээ. Энэ нь эргээд төрийн албан хаагчдад дарамтлуулдаг байдал үүсдэг гэнэ. Үүнийг арилгахын тулд энэ хууль зориулагдсан. Монголын төр ч татвараа зөв, шударга авах нь чухал байгаа. Тиймээс УИХ-аас маш чухал хуулийг батлан гаргасан болохыг онцоллоо.