
Уг батаарын олдворыг АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хүн нь Эрик Прокопи гэгч байсан. Тэрээр АНУ-ын шүүхэд батаарын араг ясыг хурааж авсан нь буруу, өөртөө эргүүлэн авна гэсэн агуулга бүхий өргөдөл өгснийг тус улсын шүүх хүчингүй болгосон юм. Харин Монгол Улсаас өгсөн өргөдлийн дагуу энэ хэргийг АНУ-ын Нью-Йорк хотын шүүх шүүж, Эрик Прокопид 17 ял жилийн хорих ял оноох болжээ. Гэхдээ шүүгч Эрик Прокопид ял өгөхийг чухалчлалгүй дөрвөн сар 25 хоногийн хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд уг батаарын араг ясыг ямар аргаар АНУ-д ирүүлсэн, энэхүү хууль бус наймааны сүлжээ болон бусад мэдээллээ өгөхийг хүссэн байна. Үнэн бодитой мэдээлэл өгвөл түүний хорих ялыг хөнгөлнө гэсэн болзол тавьжээ. Энэ болзлыг Эрик Прокопи хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн, нэг биш нэлээдгүй олдвор Монголоос гаргасан гэдгээ хүлээжээ. Тиймээс Эрик Прокопийн гаргасан гурван төрлийн зургаан үлэг гүрвэлийн араг яс болон бусад олдворыг Монголд буцаан ирүүлэхээр болсон аж. Эх орондоо ирэх энэхүү олдворт овиравтор хоёр, завролаг хоёр, тринозавр хоёр, бусад ховор олдвор ирэх юм байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй, Засгийн газрын гишүүд энэ талаар хамтран мэдээлэл хийсэн нь энэ юм. Ерөнхийлөгч дээрх үйл явдалтай холбогдуулж таван дүгнэлт хийснээ онцлов. Үүнд “Монгол Улс маш шуурхай ажиллаж нэхэмжлэл гаргасан нь дэлхийд Монголын нэрийг гаргасан. Тэд соёлынхоо өвийг хадгалж чаддаг гэсэн эерэг мэдээлэл гарсан. Хоёрдугаарт, монголчууд нэгдэж ажилласан тохиолдолд амжилтад хүрдгийн нэг нотолгоо боллоо. Мөн Монголын хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллаж чаддагийн жишээг дэлхийд харуулж чадлаа. АНУ-ын шүүх болон эрдэмтэн судлаачид баярлалаа, Батаар олуулаа ирнэ. Өөрөөр хэлбэл Монголоос гарсан зургаан олдвор болон бусад олдворын хамт ирнэ” хэмээн баяртай мэдээ дуулгалаа.