Амьдралын баталгаа – өөрийн гэсэн орон сууцтай болох ихэнх монголчуудын мөрөөдөл биелэхэд хэр хол эсвэл ойр байгаа бол?
Мэдээж бидний олонх нь шууд байр худалдаад авч чадахгүйгээс хойш зээл авна. Гэтэл зээлийн хүү ямар байгаа билээ. Хамгийн бага нь гэхэд Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн хүү жилийн 19,2 хувь, харин хамгийн их нь 28,8 хувийн хүүтэй Хадгаламж банк байна. Сард дунджаар 1,3- 2,5 хувийн хүү төлөх нөхцөлөөр банкуудын аль нэгнээс зээл авна гэсэн үг.
Сарын 1,3 хувийн хүүтэй 10-15 жилийн хугацаатай орон сууцны зээл авлаа гэхэд банкнаас авсан зээлээ бараг 2 нугалж төлөхөөр /зарим банкуудад бол 2-2,5 дахин нугалж төлөхөөр байна/ хэмжээний өндөр хүүтэй зээл авах л сонголт байна. Сарын орлого нь нэг саяас давахгүй айлд эсвэл хувь хүнд ийм зээл хэзээ ч олдохгүй гээд бодохоор мөнгө хүүлэгчийг санагдуулна.
Манай улсад цалингийн дундаж хэмжээ 630 мянган төгрөг. 600 гаруй мянган төгрөгний цалинтай эхнэр нөхөр хоёр байгаад ч сарын 1,3 хувийн хүүтэй байрны зээл олох тун хэцүү. Сард төлөх зээлийн хэмжээ нь ихэнхдээ сарын орлогоос давдаг учраас /зээлийн хэмжээнээс бас шалтгаална/. Дунджаар 500-600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчдад бүр ч хэцүү.
Ер нь зах зээлийн ханшаар зээл авч байртай болох гэж байгаа бол дор хаяж сард 1,5 сая төгрөгийн тогтмол орлоготой байх ёстой. Уул уурхайн эсвэл гадны хөрөнгө оруулалттай компанид ажилладаг болон дарга сайд нарыг эс тооцвол ийм цалинтай нь хэд билээ.
Манай нийгэмд зөвхөн боломжтой хэсэг нь боломжыг ашиглаж харин орлого багатай хүмүүст байрны зээл авах нь биелшгүй мөрөөдөл гэсэн үг. Ардчилсан нийгэмд уг нь хүн бүр боломжоор тэгш хангагдах ёстой. Боломж байгаа юм шиг санагдаж байгаа ч заримд нь боломж биш, болохгүй бүхэн л байна.
Инфляци байнга л 15 орчим хувьтай байдаг Монголд банкны зээлийн хүү яагаад ийм өндөр, хатуу байдгийг гайхаад хэрэггүй.
Хэзээ инфляци буурч, хэзээ зээлийн хүү дундаж орлоготой иргэд аваад төлж хүчрэх хэмжээнд очихыг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байх.
Байртай болох гэсэн дундаж орлоготой хүмүүст өмнөх Засгийн газрын 6 хувийн хүүтэй зээл найдвар төрүүлсэн. Гэхдээ хөрөнгийн бүртгэлийн гадаа хонож байж тодорхойлолт авч чадсан 4000 гаруй хүний 2000 гаруй хүнд л энэ зээл олдсон. Одоо энэ зээлийг үргэлжлүүлэхгүй. “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн зөрүүнд төсвөөс нэмж зургаан хувийн хүүг улс төлдөг. Зээл авсан хүмүүсийн халааснаас зургаан хувь гарч үлдсэн зургаан хувийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Анхнаасаа өмнөх засаг буруу зээл гаргасан ийм зээл цаашид гаргахгүй” гэж шинэ Засгийн газар тодорхой мэдэгдсэн.
Ингээд бодохоор ямар хатуу нийгэм, яасан урагшгүй төр вэ гэж санагдах юм.
Дундаж орлоготой хүмүүст байртай болоход бага хүүтэй зээл л хэрэгтэй. Эсвэл цалин нэмэгдэх? Үнэндээ хөлсний байранд амьдарч байгаа залууст инфляци буурахыг тэвчээртэй хүлээх чадал алга. Энэ хооронд байрны үнэ инфляцитай уралдаж өсөөд, авдаг цалингийнх нь худалдаж авах чадвар буурсаар байна.
1,5 тэрбумын бондыг зээлийн хүүг бууруулахад ашиглана гэж Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарын ярианаас ойлгогдсон юм.
Гэхдээ яг яаж гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ сарын дундууд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа: иргэдийн төлдөг нийгмийн даатгалын мөнгийг улс олон жил төсөвт оруулж үрж дуусгасан. Тиймээс бондын мөнгөний нэг хэсгийг нийгмийн даатгалын санд нэг удаа байршуулна. Тэр байршуулсан мөнгөө арилжааны банкуудад урт хугацаатай, хямд эх үүсвэр болгож өгвөл зээлийн хүү буурна гэж ярьсан.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бодлогын зөвлөл хуралдаж Чингис бондын мөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн сонгон шалгаруулалт хийсэн ч зээлийн санхүүжилтийн талаар ямар төлөвлөгөө гаргаснаа мэдээлээгүй байна, бодвол одоо ч судлаж байгаа биз.
Саяхан шатахуун импортлогчдод Монгол банк 3,8 хувийн хүүтэй зээл өгөхөд үнэхээр барьцмаар санагдсан. Мэдээж шатахуунаас болж юмны үнэ өсөөгүйд баярлаж л байна. Гэхдээ л…
Аав ээжтэйгээ амьдарч байгаа, эсвэл айлын байр түрээслэдэг залууст орон сууцтай болох гол хөшүүрэг хүү багатай зээл шиг хамгийн их хэрэгтэй байна. Залуу хүний ганц мөрөөдөл өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн орох сууцтай л болох байх гэхэд хилсдэхгүй байх.
Нөгөө талаар зээлийн хүү өндөр байгаа нь иргэд зээл авахад хүндрэлтэй байдал үүсгэж энэ нь цаашлаад орон сууцны эрэлт бууруулах зах зээлийг гацаанд оруулах сөрөг нөлөөтэй гэж үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд хэлж байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар он гарахаар шинэ орон сууцны метр квадратын үнийн өсөлтийн тухай таатай мэдээ дуулгахаар бэлдэж байгаа юм билээ.
Мөн Барилга хот байгуулалтын яамнаас барилгын компаниудад арай хямд барилгын материал худалдаж авах ч юм уу орон сууц барих өртөг, барилга барих зөвшөөрлийг хурдан олгох зэргээр нийлүүлэлт нэмэгдүүлэхэд арга хэмжээ авна гэж амлаж байна.
Ирэх хоёр жилдээ тэсчихвэл байрны үнэ хямдарч, инфляци буурч, зээлийн хүүг ч бууруулж сураг дуулдаж магадгүй л байна. Гэхдээ л энэ Засгийн ярьж байгаа ажил үр дүнгүй хэвээр байр юм бол байртай болох ч хол байна даа хол байна.