Ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газар гурван үндсэн зорилтыг өмнөө тавьсан. Эдгээр нь, төрийн үйл ажиллагааг нээлттэй бөгөөд чирэгдэлгүй болгох, иргэдийн амьжиргааг богино хугацаанд дээшлүүлэх, үйлдвэржилт бүтээн байгуулалт өрнүүлэх гэсэн том зорилтууд юм. Бодлого чиглэлээ тодорхойлж, хөрөнгө оруулалтаа шийдэж, одоо гүйцэтгэлдээ шуурхайлан орж байгаа дээрх ажлуудад анхаарлаа хандуулж, улмаар аль төсөлд өөрсдийн суугаа улс оронтойгоо хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх талаар тодорхой санал санаачилгууд гарган ажиллахыг Ерөнхий сайд дипломат төлөөлөгчдөөс хүслээ. “Хүсч зорьсноо биелүүлэхэд гадаад орнуудын сайн жишээ туршлага, үр дүнтэй хамтын ажиллагаа, бүтээлч дэмжлэгийг авч, Засгийн газрынхаа бодлого чиглэлийг төлөөлөн ажиллахад та бүхний оролцоо, санаачилга, сэтгэл зүтгэл, зөв зохион байгуулалт чухал шүү” хэмээн Н.Алтанхуяг сайд онцлоод, хэд хэдэн асуудлаар зөвлөмж өгсөн юм. Мөн цаашид бусад оронтой бүх салбарт хамтран ажиллах гэж хүч тарамдахгүйгээр тухайн улсын хөгжлийн онцлогтой уялдуулан цөөхөн, тодорхой асуудлаарх хамтын ажиллагааг бодитой үр дүнд хүргэх чиглэлийг Засгийн газраас баримталж байгааг танилцуулж, үүний зэрэгцээ олон жил дамжиж улиг болсон асуудлуудыг нэг талд шийдэн цэглэх шаардлага байгааг анхаарууллаа.
Үгийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын худалдаа, үйлдвэрлэлийн том төлөөлөгчид гэдэг утгаараа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид та бүхэн минь ирэх жилүүдэд хурдтай, эргэх холбоотой, ажил хэрэгч ажиллаарай” хэмээн захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.