Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Төрд тунирхагч

УИХ-ын гишүүн, төрд дансгүй байгаа МАХН-ын дэд дарга Ц.Шинэ­баяр энэ хавар парламентын танхимд бус гудамжинд улс төр хийхээ илэр­хийлэв. Чуулганы танхимд түүнийг үг хэлүүлэхгүй, хэлсэн ч сонсох хүн байхгүй учраас тэр ийм сон­голт хийжээ. Харин оронд нь ямаа самнаж суугаа самгантай мар мар­хийж, 21 мянгаа авах гэж банкны үүдэнд “алалцаж” байгаа хүмүүсийн дунд орж нударга зөрүүлэхээс ч бу­цахааргүй партизан болох гэж буй­гаа зарлав. Ард түмний дунд (гүн рүү ч гэл үү) орж ажиллана гэж үүний­гээ тайлбарласан. Үнэндээ бол гудам­жинд бус төрд төлөөлөл болгох гэж дорнодынхон түүнийг нүүрсний уур­­хайн даргаас парламентын гишүүн болгосон билээ. Гэвч тэр зөрүү­­дэллээ. Түүний энэ алхмыг пар­ла­­ментын танхимд ганцаардаж байгаадаа шаралхсан гэвэл үнэнд илүү ойрхон сонсогдоно. Уг нь үгүй­лэг­дээд байгаа цөөнхийн орон зайг нөхөж, хэдэн жилийн өмнөх Л.Гүндалай шиг даналзах бо­ломж түүнд сая байсан. Тэгсэн бол ард түмний нэг хэсэг болсон тойр­гийнхон нь түүнд баярлах байлаа. Гэвч Ц.Шинэбаяр парламентын гишүү­нээс татгалзсанаас ялгаагүй зүйл ярьж, хэн нэгэн хохирох юм шиг муйхарлав. “Намайг сонсооч гэж хэнээс ч гуйхгүй” гэсэн сонголтыг Ардын намын хаалгыг савж гарахдаа тэр хийсэн санагдана. Гэсэн ч УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа тэр төрд тунирхав. “Цаг бүртгэх шаард­­лагагүй, би тодорхойгүй хуга­цаа­гаар ажил тасална” гэж байгаа юм шиг л сонсогдов. Бусдаас шаардаад байгаа хариуцлагын тухай ойлголтыг өөрөөс нь асуумаар санагдсан гээч. Хэрэв “Төрийн ордон руу шагайх ч үгүй. Чуулганд чинь суухгүй байсан ч яадаг юм” гэж хэлсэндээ хүрвэл парламентын ирэх сонгууль хүртэл дор­нодынхон бүсээ чангалах ялд унаж байна.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж