
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлснийг гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд энэ үед 51 гишүүн оролцож кноп дарсан юм.
Гэхдээ Г.Эрдэнэбатыг Улсын ерөнхий прокуорын орлогчоор томилохын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчид хандан “Хууль боловсруулах ажилд шүүх, прокурорын байгууллагын удирдлага оролцдоггүй, ажлын хэсэгт мэргэжилтэн оролцуулчихаад өөрсдөө хуралд орж ирэхээрээ буруу зөрүү ярьж будилуулдаг. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Шүүхийн тухай багц хуулийн төсөл дээр Улсын ерөнхий прокурор оролцдоггүй юм аа гэхэд ядаж орлогч нь оролцож, ажлын хэсгийн хуралдаанд идэвхитэй оролцох ёстой гэлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүх, Тагнуул зэрэг газруудаас удирдах шатныхан ажиллах ёстой. Г.Эрдэнэбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжиж байгаа гэсэн юм.
Харин УИХ-ын дэд дарга Л.Цог хүний эрх зөрчигдөж байгааг сануулаад, бие нь муу ял эдэлж чадахгүй байгаа хүнд тийм олон тусгайгийнхан хэрэг байсан уу. Төрийн тэргүүн байсан хүн дээрээ ялаа шиг шавчихсан хоёрдугаар эмнэлгээс авч явахыг хэн хүнгүй харсан. Энэ мэтээр хүний эрх зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх ёстой. Хэний шийдвэрээр ийм явдал болов гэхээр дээрээс шийдвэр гаргасан гэдэг, завхрал их гарч байна. Тэгэхдээ Г.Эрдэнэбатыг дэмжиж байна гэсэн юм.
Одоо чуулганаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.