Гбагбо тэр өдрөө олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн тус орны лидер Алассан Уаттарагийн талынхантай хэлэлцээр хийсэн байв. Шөнө орой Гбагбо НҮБ-ын цэргийнхэнд буун өгөөд НҮБ-д хандан хамгаалалт хүссэн тухай ВВС мэдээлэв.
“Абижан дахь манай хүчний байрлалыг францчууд бөмбөгдсөний дараа бид эсэргүүцлээ сайн дураар зогсоолоо” гэж мэдэгджээ. Эрх мэдлээ өгөхгүй гэсэн Лорана Гбагбогийн эсрэг НҮБ ба Францын цэргийнхэн хүчний ажиллагааг эхлүүлсэн өглөө сөргөлдөгч талуудын нэг нь бууж өгснөөр Кот-д’Ивуар дахь иргэний дайн дууссан бололтой. Кот-д’Ивуарын Гадаад хэргийн сайд Альсид Жеж сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн гээд “дайн дууслаа” гэж ВВС-д мэдэгдсэн байна.
Олон улсын хамтын нийгэмлэг иргэний дайны сөргөлдөгч талуудын нэгийг дэмжин орж ирснээр уг дайныг хурдан дуусгаж чадлаа. Гбагбогийн цэргийн командлагч генерал Филипп Мангу ч үүнийг батлав. “Бид тэмцлээ зогсоолоо… Абижанд “буруутанг хайсан” мөшгөлт, дээрэм явуулахгүй байхыг бид НҮБ-д уриалж байна” хэмээн тэр мэдэгдэв. Францын Ерөнхий сайд Франсуа Фийон ярихдаа Гбагбогийн цэргийнхний бууж өгөх тухай хэлэлцээрийг хоёр генерал хийсэн гэв. Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе Үндэсний чуулганд мэдэгдэл хийхдээ “Гбагбо зайлахын өмнө тэрээр засгаас татгалзсан баримтад гарын үсгээ зураад ерөнхийлөгчөөр Алассан Уаттараг хүлээн зөвшөөрсөн байх ёстой хэмээн бид шаардсан” гэжээ. НҮБ-ын энхийг сахиулагчид Гбагбо ба түүний гэр бүлийнхнийг хамгаалах арга хэмжээг авна гэдгийг сайд хэлжээ.
Гбагбог бууж өгөхөөс өмнө АНУ-ын ерөнхийлөгч түүнийг нэн даруй огцрон зэвсэгт тэмцлээ зогсоохыг шаардсан байлаа. Даваа гаригаас Кот-д’Ивуар дахь НҮБ-ын хүчин (ОООНКИ) ба францчууд эдийн засгийн нийслэл нь болох Абижан хот дахь Гбагбогийн талынхны байрлалд довтолсон юм.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд Уаттара ялалт байгуулсны дараа Гбагбо тушаалаа өгөөгүйгээс тус оронд “хоёр толгойт” засаглал тогтоод байсан билээ. Кот-д’Ивуар дахь НҮБ-ын хүчин иргэдийн эсрэг харгислал гарна гээд цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм. Түүнийг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долоо хоногт 1975 тоот тогтоолоор дэмжсэн билээ. Мягмар гаригт шилжих шөнө олон улсын хүчин ерөнхийлөгчийн ордон болон Гбагбогийн зарим байгууламжуудад агаарын цохилт өгсөн байв.
Өдрийн турш Абижанд дэлбэрэлт сонсогдож эмнэлэг хаагдсан байснаас шархдагсдыг авчрахад хүндрэлтэй байв. Гудамжинд олон арван цогцос байв. Хямрал дүрвэгсдийн асуудлыг бий болгож бараг сая шахуу хүн гэр орноо орхин явжээ. Тус орны баруун хэсэгт омгийн сөргөлдөөн гарч магадгүй байна. Тус орноос 112 мянган хүн Либерид орж иржээ. Мөн Гана, Гвиней, Мали, Буркина-Фасо, Бенин ба Нигери улсууд дүрвэгсдийг хүлээн аваад байгаа гэнэ.