Зул сараар аавынхаа амлалтыг биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Зул сараар аавынхаа амлалтыг биелүүлжээ

Английн Баруун Йоркширын Дьюсберид оршин суудаг арван настай Грейси МакНалти гэгч охин Зул сарын баяраар аавынхаа сүүлчийн хүслийг биелүүлсэн байна. Грейси охины аав Крейг МакНалти дээврийн засварчин байсан бөгөөд ажлынхаа хажуугаар бусдад буян үйлдэж, сайн дурын ажилд идэвхийлэн оролцдог нэгэн байсан аж. Крейг МакНалти өнгөрсөн наймдугаар сард дээвэр засах ажлаа хийж байгаад толгойдоо хүнд гэмтэл авснаар эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Крейг МакНалти нас барахаасаа өмнө орон гэргүй хүмүүсийг үнэгүй өглөөний цайгаар дайлж буян үйлддэг байсан ба сүүлд тэрээр энэ Зул сарын баяраар гэр бүлийн кафе нээж, хотынхоо орон гэргүйчүүдийг хоолоор дайлна гэж амласан аж. Түүний энэхүү амлалтыг охин Грейси нь өчигдөр ээж, гурван ах эгчийнхээ тусламжтайгаар биелүүлж, орон гэргүй 50 хүнийг өглөөний цайгаар дайлжээ. Грейси охины ээж Шэрон охиныхоо хүсэлтийн дагуу “Grilled and Filtered” нэртэй кафе нээж, хүүхдүүдийнхээ хамтаар орон гэргүйчүүдэд үйлчлэн Зул сарыг инээд хөөр, баяр бахалтайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Шэрон МакНалти “Миний охин Грейси аавыгаа нас барсны дараа надад энэ Зул сарын баярыг гэртээ тэмдэглэхийг хүсэхгүй байна. Би Зул сараар кафе нээнэ гэсэн аавын хүслийг биелүүлмээр байна. Би Зул сарыг жирийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлмээргүй байна. Би орон гэргүй хүмүүст Зул сарын баярын хоол идүүлмээр байна гэж хэлсэн. Бид бүгдээрээ Крейгийг маш их санаж байсан учраас энэ нь түүнийг аз жаргалтай болгохоос гадна гэр бүлийнхнийх нь зүгээс түүнд хүндэтгэл үзүүлэх боломж гэж бодсон. Тэгээд бид гэр бүлээрээ орон гэргүй хүмүүст зориулан дулаан ороолт, оймс худалдан авч, гараа гарган сэндвич хийх ажилд идэвхийлэн орсон” гэж ярьжээ. Тэд орон гэргүйчүүдэд тусалдаг байгууллагад хандаж, кафедаа үнэгүй хоол идэх эрхийн тасалбараа өгч хүмүүст тараалгаснаар тэднийг кафедаа урин хооллосон байна. Үүний дараа Грейси “Энэ бол хамгийн шилдэг Зул сарын баяр байлаа. Би аавынхаа хүслийг биелүүлэх санааг сургууль дээрээ аавынхаа тухай бодон сууж байгаад олсон. Би аавынхаа бахархлыг төрүүлэх гайхалтай зүйл хийхийг хүссэн. Харин одоо бүх хүмүүс надаар бахархаж, “супер Грейс” гэж дуудах болсон. Би одоо орон гэргүй хүмүүсийг хоолоор дайлах буяны үйлсийг жил болгоны Зул сараар зохион байгуулахыг хүсч байна. Гэхдээ энэ тухай хараахан ээжид хэлж, зөвшөөрөл аваагүй байгаа” хэмээжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж