
Гайхалтай урвалт, шарвалтыг харуулж байсан саяхны баримтыг иш татъя. Иргэний хөдөлгөөний нам. 2008 онд иргэний хөдөлгөөний байгууллагууд нэгдэж, нэг нам байгуулан сонгуульд өрсөлдсөн билээ. Сонгуульд ялагдсан тэд 2008 оны сонгуулийг будлиантай болсон гэж үздэг. Тиймээс ч долдугаар сарын 1-ний хэрэг явдалд дуу нэгтэй оролцож байсан нь түүх болон үлджээ. Тухайн үеийн ИХН-ын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нарыг үймээнийг зохион байгуулсан гэж үзэн шоронд хорьж, “аав”-ынд хэд хоног суусныхаа дараа тэдний үзэл баримтлал 360 градус эргэсэн. Ж.Батзандан үзэн ядаад байсан Ардчилсан намдаа, О.Магнай эхлээд Иргэний зориг намд, дараахан нь Ардчилсан намд элсэн төрөлх намаа орхисон билээ. Хожим нь Ж.Батзандан “Улс төрийн нөхцөл байдал биднийг нэгдэхийг, хамтрахыг шаардвал бид татгалзаж болохгүй. Татгалзах нь тэнэг хэрэг болно гэж би боддог. Долдугаар сарын 1-ний дараа ардчилсан хүчнүүд нэгдэж нийлэхийг нөхцөл байдал шаардсан. 1000 гаруй залуус шүүхийн өмнө, хэлмэгдүүлэлтийн өмнө зогсч байсан. Тэр залуусын төлөө ардчилсан хүчин нэгдэхгүй бол олон мянган хүн хэлмэгдэх байсан юм. Нөхцөл байдал ямар ч хүнийг өөрчилдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хорьтой залуу, дөч хүрчихээд өнөөдрийнх шигээ байна гэдэгт итгэхгүй байна. Би улс төрд хорин хэдтэй л орж байсан одоо дөч дөхөж явна. Улс төрийг харах байр суурь, нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байна. Цаашлаад улс орны маань ч эрх ашиг өөрчлөгдөж байна” гэж Ардын эрх сонины 2011 оны аравдугаар сарын 13-ны өдөр ярилцлага өгч байсан билээ. Гэхдээ энэ хүнийг 2008 онд “Иргэний хөдөлгөөний намыг хэзээ ч орхихгүй” гэж байсныг санахад илүүдэхгүй. Энэ мэтчилэн улстөрийн үзэл бодлоо хормын зуур сольсон баримт ар, араасаа урсч өгнө. Одоогоор хамгийн сүүлийнх байгаа жишээ нь Д.Арвин. МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан мөртлөө гишүүний тангараг өргөмөгцөө Ардчилсан намд элсээдхэв. Түүнд саналаа өгсөн иргэдийг тэр ийнхүү хэсэгхэн хормын шийдвэрээр нулимж орхилоо. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ урвалт биш, сонголт юм шүү. Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Миний үзэлд бодолд АН-ын хийж байгаа ажил нийцэж байгаа” гэж ярьсан юм.
МАН, МАХН хоёрын нэрний асуудал одоо ч гишүүндийнх нь маргаан болсон хэвээр. Ардын намынхан болохоор Н.Энхбаяр тэргүүтэн бидний нэрийг авсан гэж үздэг бол МАХН үндсэн нэрээ өвлөсөн, нэг ёсондоо бууриа сахиж үлдсэн гэж бодоцгоодог. Гэхдээ ард түмэн энэ хоёр намыг угшил нэгтэй гэж одоо ч бодсон хэвээр. Сонгуульд саналаа өгсөн зарим иргэд ч андуурч дугуйлж байгааг санах хэрэгтэй. Зүүний социал демократ үзлийг баримтлагчдын улаан сарнайг сүлдэндээ залсан энэ хоёр намын үзэл баримтлалын ялгаа гэж байдаггүй. Тэгсэн мөртлөө мөрийн хөтөлбөр дээрээ тэс ондоо зүйлсийг дэвшүүлдэг гэж байгаа. Яг үнэндээ сонгогчдыг татахын тулд энэ хоёр нам юугаараа ялгаатай вэ гэдэг нь одоо ч бүрхэг хэвээр. Нэг ёсондоо МАН-д улстөрийн карьер нь өндөрлөх гэж байгаа хүмүүсийн элсэн ордог нам ч гэж ойлгож болохоор. Сүүлдээ улстөрийн үзэл баримтлал огт байхгүйгээ МАХН удаа дараа харуулав. Эрүүл мэндийн сайд нь намын даргынхаа эрүүл мэндийг, Хууль зүйн дэд сайд нь даргынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд сонгогчдоосоо дээрд үзэн тэмцэж эхэлсэн юм. “Н.Энхбаяр бол Монголын иргэн. Түүний эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний үүрэг”. Энэ үг Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын хэлсэн үг юм шүү. Бүр сүүлдээ Н.Энхбаяраар наймаалцан, хэрвээ санал хүлээж авахгүй бол засгаас гарах дээрээ тулав. Ард түмэн үүнийг яаж харж байгааг тэд даанч ойлгоогүй бололтой. Улстөрийн намууд сонгогчдын нэг ч атугай саналыг алдахгүйн тулд тэдэн рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа, бодлого боловсруулдаг бол МАХН-ын бодлого бүхэлдээ Н.Энхбаяр дээр төвлөрсөн нь гайхалтай. Гэхдээ дараагийн сонгууль гэж бий.
Сонголт. Энэ бол байх ёстой зүйл. Ямар ч хүн сонголтоо хийх эрхтэй. Гэхдээ улстөрч хүний сонголт ямар байх учиртай вэ? Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Митт Ромни намаасаа гарч Ардчилсан намд элсвэл чухам юу болох вэ? Бодохоос ч аймаар хариулт гарч ирэх нь тодорхой. Тэр хүний бүтэн 40 жилийн улс төрийн карьер төгсгөл болох нь тодорхой. Гэсэн ч манайд энэ тогтолцоо үйлчилдэггүй аж. Сонголтоо хийн УИХ-д сонгогдчихоод өөр сонголт хийн өөр нам руу элсэнэ. Үгээр хэлэхийн аргагүй гайхалтай тогтолцоо. Дараагийн сонгуулиар намаа солигчидыг ард түмний хэдэн хувь нь дэмжих бол…