Пентагон Афганистанаас цэргээ гаргахаа хойшлуулав | News.MN

Пентагон Афганистанаас цэргээ гаргахаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Пентагон Афганистанаас цэргээ гаргахаа хойшлуулав

АНУ-ын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхүүд долдугаар сараас эхлэн Америкийн цэргийн тоог цөөрүүлэх амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Харин генералууд нь цэргийн тоог цөөрүүлэх нь тус орны зүүн ба өмнөд хэсэгт талибуудыг идэвхжүүлнэ гэж үзэж байгаа юм.

НҮБ-ын салбарын байранд халдсан хэрэг ба өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Аф­га­нистаны хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал нам­жих талдаа орлоо. Гэхдээ Туркментэй хил залгаа Фарьяб мужид НАТО-гийн цэргийн удирдлагаар сур­гал­тад хамрагдаж бай­сан афган хилчин хоёр багшийгаа буудсан хэрэг га­рав. Харьцангуй тайван гэж тооцогдож байсан бүсэд энэ хэрэг гарсан байна. Үймээн болоод түү­нийг дагалдсан НҮБ-ын ажилтнуудыг хөнөө­сөн хэрэг нь АНУ-ын Засгийн газрын өмнө Афганистан дахь дайнаа өөртөө таатайгаар төгсгөх боломж хэр байна вэ гэсэн асуудлыг гарган тавилаа.

Washington Post мэдээлс­нээр АНУ-ын Ерөнхийлөгчийн багийн доторхи цэргийнхэн ба зөвлөхүүдийн хооронд мар­гаантай байгаа ажээ. Афга­нистанаас АНУ-ын  цэр­гийг гаргах хугацааны талаар тэнд ширүүн маргаан өрнөж буй ажээ.

Сонинд сануулснаар бол Обама 2009 онд Афганы дайнд нэмэлт 30 мянган цэргийг илгээсэн юм. Тэрхүү нэмэлт хүчний тусламжтайгаар Кан­дагар зэрэг чухал мужуудад талибийн хүчийг сулруулж чадсан юм. Энэ нааштай ханд­лагыг Америкийн цэр­гийн­хэн ба санхүүгийн тус­ламж­гүйгээр барьж чадна гэдэгт цэргийнхэн эргэлзэж байна.

 Хоёр жилийн өмнө тушаал өгч байхдаа Обама фронтод илгээгдсэн цэрэг 2011 оны долдугаар сараас гэртээ эр­гэн ирнэ гэсэн тодорхой ойлголтыг өгсөн билээ. Одоо ч тэр өөрийн заавраа биелүүлэхийг шаардаж бай­на. Зүгээр нэг бэлэгдэлийн чанартайгаар цэрэг гаргахыг тэр зөвшөөрөхгүй байгаа юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден саяхан мэдэг­дэхдээ цэрэг гаргах ажиллагаа нь нэмэлт хүч татсан шигээ маш шуурхай хийгдэх ёстой гэсэн байлаа. Ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд сонгууль хаяанд ирснийг мартаагүй байгаа. Олон нийтийн санал асуулгууд Афганы дайн ол­ны дэмжлэг авахгүйг ха­руулж өгөв. Washington Post  сонин, ABC News компани гуравдугаар сарын дундуур явуулсан санал асуул­гуудад америкчуудын гуравны хоёр нь Афганы дайныг явуулах хэрэггүй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн иргэний зөвлөхүүдийн шахалтаар Афга­­нис­тан дахь холбооны хүч­ний  командлагч Дэ­вид Петреус Обамад үйл ажиллагааны гурван хувил­барыг танилцуулах болол­той. Нэгд, цэргээ бараг татахгүй. Хоёрт,  штабынхан ба саперууд, арын албаны хэдэн мянган хүнээр хүчээ хорогдуулах. Гуравт, нэг бригад буюу ойролцоогоор та­ван мянган цэргийг гэрт нь буцаан илгээх зэрэг хувил­барууд байх болов уу.

Петреус өөрийн илтгэлээ Ерөнхийлөгчид хэлээгүй бай­на. Нэрээ нууцалсан цэргийн ахлах тушаалтнуудын хэлс­нээр генерал Дээд ерөнхий командлагчдаа завсрын хувил­барыг санал болгож магадгүй гэнэ. Тэр нь хоёрдугаар зэргийн туслах ажилтнууд болон зарим нэг байлдааны ангиудыг Афганистанаас эр­гүү­лэн татах тухай байх гэнэ.

Дайн татвар төлөгчдөд хэрхэн тусч байгаа нь Ца­­гаан ордны эзний шийд­вэрт нөлөөлнө. Энэ жил дай­ны зардал 120 тэрбум ам.доллар хүрнэ гэж хүлээг­дэж байна. Мөн Афга­ны арми ба цагдаагийн хүчнийг төлөвлөснөөрөө  нэмэгдүүлэ­хэд болон өнөөгийн 378 мянган хүн нь АНУ-ын сан хөмрөгөөс найман тэрбум ам.долларын зардлыг авах юм.

Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж