УИХ-ын дарга СЕХ-нд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга СЕХ-нд мэндчилгээ дэвшүүлэв

МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хорооны хамт олонд

Монгол Улсад сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн танай хамт олонд Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн  мэндчилгээг дэвшүүлье.

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын 6 удаагийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулж, орон нутгийн 6 удаагийн сонгуульд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ирсэн байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын бүх шатны сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох,  түүнийг сонгогчдод сурталчлан таниулах, сонгогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийг шударга, нээлттэй болгож сонгуулийн үйл ажиллагаанд төрийн төдийгүй олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, иргэний идэвхтэй нийгмийг төлөвшүүлж төр иргэний харилцааг бэхжүүлэхэд Сонгуулийн ерөнхий хорооны хамт олон чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сонгогчийн санал авах, тоолох ажиллагаанд орчин үеийн автоматжуулсан системийн техник, технологийг нэвтрүүлэх,  гадаад улсад байгаа монгол иргэдийнхээ саналыг авах ажлыг анх удаа амжилттай  зохион байгуулж хэрэгжүүлсэнийг онцлон тэмдэглэж байна.

Цаашид сонгуулийн байгууллагын эрх, үүрэг ялангуяа хараат бус, бие даасан байдал нь эрх зүйн хувьд баталгаажихын хэрээр сонгуулийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага улам өндөржих бөгөөд Та бүхэн түүнд ямагт бэлэн байж хуулиа дээдлэн чин шударгаар ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд шинэ оны босгон дээр ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг  хүсэн ерөөе!

УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Улаанбаатар хот                                       2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж